Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ / Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
2022-03-29

 РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

 

·         Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн хөтөлбөрт хүүхдийг зохисгүй агуулгаас хэрхэн хамгаалж ажилладаг вэ?

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д заасан “хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх” зарчмыг баримтлан тус хуулийн 27.1.1 дэх хэсгийг үндэслэн  Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг батлан (Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар) гаргасан.

Энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулж байна.

·         Хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэнтэй холбоотой өргөдөл, гомдлыг хэрхэн гаргах вэ?

Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио болон телевизээр нэвтрүүлж буй дараах төрлийн зохисгүй агуулгатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ. Үүнд:

1.    хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга;

2.    хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулга;

3.    гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан агуулга;

4.    хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан агуулга;

5.    хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчилсан агуулга

Хэрэв иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол нь  хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэмд тусгагдаагүй, эсхүл тухайн гомдолтой холбоотой агуулга нь шийдвэрлэхэд эргэлзээтэй маргаантай тохиолдолд Орон тооны бус зөвлөлөөр хэлэлцэж, дүгнэлт гаргана.

Орон тооны бус зөвлөл нь тухайн гомдолд дурдсан агуулга нь дээрх дүрмээр тодорхойлсон зохисгүй агуулга мөн эсэхэд дүгнэлт гаргаж,  хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг тухайн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх, энэ талаар олон нийтэд мэдээлж ажиллана.

 

Иргэн та эдгээр төрлийн зохисгүй агуулгатай холбоотой өргөдөл гомдлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд биечлэн ирж болон 304258 дугаарт хандан шийдвэрлүүлэх боломжтой.

 

ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Олон суваг дамжуулах үйлчилгээнд хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 6 дугаар зүйлийн

ü  6.2.8. дах хэсэгт “Эцэг, эхийн хяналтын функц ашиглах, суваг хаах, түгжих, нууц үг солих зааврыг хэрэглэгчид нээлттэй мэдээлнэ.”;

ü  6.11. дэх хэсэгт “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор эцэг, эх хяналт хийж (parental control), сувгийг түгжих техникийн боломжийг бүрдүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд эцэг эхийн хяналт хийх боломжийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгон ажиллаж байна.

Түүнчлэн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид хэрэглэгчдэдээ эцэг, эхийн хяналтын функцыг хэрхэн ашиглах, сувгийг хэрхэн түгжих зэрэг хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг ойлгомжтой, тодорхой байдлаар өөрийн цахим хуудас болон үйлчилгээгээрээ дамжуулан олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгож байна.

 

 

Хүүхдийн эрхийг хүндэтгэе.
Харилцаа холбооны зохицуулах хороо