Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь гадаад улсын радио, телевизийг дамжуулахдаа албан ёсны эрхийг нь авсан, Зохицуулах хороонд бүртгүүлсэн байх бөгөөд хөтөлбөр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх шаардлагыг хангах үүрэг хүлээсэн байдаг. Мөн Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 5 дугаар зүйлийн 5.5-д Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээгээр дамжуулах гадаад улсын телевизийн талаарх мэдээллийг Зохицуулах хороо, Оюун өмчийн газрын хамтран баталсан маягтын дагуу бүрдүүлэн Зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлнэ. Гадаад улсын телевизийн албан ёсны эрхийн хугацаа дуусч, сунгасан бол тухай бүр шинэчлэн бүртгүүлнэ гэж заасан байдаг.
Иймд Харилцаа холбооны зохицуулах хороо нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн дахин дамжуулж байгаа гадаад улсын телевизийн сувгийн харьяалал, хөтөлбөртэй холбоотой холбогдох мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороо болон Оюуны өмчийн газрын даргын 2021 оны А/26 - А/13 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан маягтын дагуу хүлээн авч, хяналт хийж, нэгтгэн дэлгэрэнгүй тайлан мэдээ гаргаж, цахим хуудсаараа тогтмол мэдээлэн ажиллаж байна.
Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30.1.1-т өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах гэж заасны дагуу үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн гадаад сувгийн мэдээлэл, түүнд үндэслэн гаргасан дэлгэрэнгүй тайлан мэдээг Оюуны өмчийн газарт хүргүүлэн ажиллаж байна.