Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Интернэт
2022-04-10
  • Интернэтийн үйлчлэгчдийг сүлжээ байгуулсан байдал, явуулж буй үйл ажиллагаагаар нь бөөний болон жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч гэж ангилах ба Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах төрлийн тусгай зөвшөөрлийг олгоно. Үүнд:

    1. Гадаад улсын интернэтийн сүлжээнд холбогдсон шууд гарц бүхий дэд бүтэц, сүлжээтэй үйлчлэгчийг интернетийн бөөний үйлчилгээ эрхлэгч гэх ба А ангиллын “Мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах түүнийг ашиглах” тусгай зөвшөөрөл
    2. Өрхийн болон байгууллагын хэрэглэгчид интернетийн үйлчилгээ хүргэдэг үйлчлэгчийг жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч гэх ба Б ангиллын “Интернэтийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл

    Ангилал тус бүрд тусгай нөхцөл шаардлага тавигдана.

          Хэрэв А ангилллын тусгай зөвшөөрөл эзэмшигч Б ангиллын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах бол санхүүгийн бүртгэл тооцоог сүлжээний үйлчилгээнийхээс тусад нь гаргадаг байхаар өртгийн хуваарилалт хийж, Б ангиллын Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авна.

     

  •  

    Хэрвээ та тусгай зөвшөөрөл авахаар ХХЗХ-нд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.

    1.    Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах

    Та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй (зохицуулалтын үйлчилгээний хөлс) танилцах шаардлагатай.

    2.    Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

    Тусгай зөвшөөрөл олгох тухай журмын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг бичиж, өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

    Жич: Тухайн сүлжээ болон үйлчилгээнд радио давтамж ашиглах бол радио давтамж ашиглахтай холбогдсон нэмэлт материал бүрдүүлнэ. (маягт)

    Өргөдлийн маягтыг бөглөхдөө харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх зорилго, хамрах хүрээ, ашиглах техник, технологи зэргийг дэлгэрэнгүй, ойлгомжтой, шударгаар бичиж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлбэл мэргэжилтнүүд дүгнэлт гаргахад хялбар болох ба таны тусгай зөвшөөрлийг түргэн шуурхай шийдвэрлэхэд туслах болно.

    Тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзах гэх мэтээр холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.

    3.    ХХЗХ-нд хүсэлт гаргах

    Бүрдүүлсэн материалаа албан бичгийн хамт ХХЗХ-ны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу

    Хороо нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

    Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд хариу тайлбарыг бичгээр өгнө.

    Тухайн сүлжээ, үйлчилгээнд радио давтамж ашиглах бол сүлжээ, үйлчилгээний тусгай зөвшөөрөл нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хамтаар шийдвэрлэгдэнэ.

    4.    Гэрээ байгуулах, төлбөр төлөх

    Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр хүлээн авсан бол тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээс тусгай зөвшөөрлийн гэрээний төсөл, орлогын нягтлан бодогчоос зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн нэхэмжлэлийг авна.

    Тусгай зөвшөөрөлд Хорооны дарга гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, зохих төлбөр төлөгдсөнөөр тусгай зөвшөөрөл олгогдох болно.

    5.    Гэрээ, нөхцөл шаардлагыг ханган ажиллах

    Та тусгай зөвшөөрлийн хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах, ХХЗХ-ны шийдвэр, журмуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй.

    Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 , Радио долгионы тухай хуулийн 18.1-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэхгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

    6.    Тусгай зөвшөөрлийг сунгуулах

    Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90-ээс ихгүй 60-аас багагүй хоногийн өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ албан бичгээр холбогдох маягтын дагуу бөглөсөн тайлан мэдээлэл, төлбөр төлсөн баримтын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргана.

    Тусгай зөвшөөрлийг сунгахад тусгай зөвшөөрлийн хугацаанд нөхцөл шаардлагыг ханган ажилласан байдлыг шалган үзэж, холбогдох албаны дүгнэлтийг үндэслэнэ.

     

     

     

  • Харилцан холболтын болон сүлжээнд холбогдох зохицуулалт нь Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчимд тулгуурладаг бөгөөд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалтын нэг гол хүчин зүйл гэж үздэг.

    Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18, 3.1.19-д “харилцан холболт”, “сүлжээнд холбогдох” харилцааг тус тус тодорхойлсон

    Харилцаа холбооны тухай хууль:

    3.1.18.“харилцан холболт” гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг;

    3.1.19.“сүлжээнд холбогдох” гэж үйлчлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх зорилгоор сүлжээ бүхий үйлчлэгчийн сүлжээнд холбогдохыг;

    Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмын холбогдох зохицуулалт:

    Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам:

    2.3.Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг (RIO-Reference Interconnection Offer) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд:

    2.3.1. Тухайн сүлжээнд холбогдох технологийн стандарт, горим, нөхцөл шаардлага;

    2.3.2. Зааглах цэгийн байршил;

    2.3.3. Сүлжээнд холбогдох төлбөр тооцооны мэдээлэл;

    2.3.4. Гэрээ хийх үйл ажиллагааны нарийвчилсан мэдээлэл;

    2.3.5. Гэрээний загвар.

    Журмыг татаж авах

     

    Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3-д заасны дагуу үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж, өөрийн вэб хуудсанд байршуулах үүрэгтэй.