Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй...
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
2022-01-10
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна Цахим орчинд хүүхдийн эсрэг  кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

2022.01.10

Монгол улсын Засгийн Газар 2017 онд цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгддэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх зорилго бүхий “Бид Хамгаална” Олон Улсын санаачилгад нэгдсэн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангаас дээрх гэмт хэрэгтэй тэмцэх Засгийн Газрын чадавхыг бэхжүүлэхэд 2018 оноос эхлэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа билээ.

НҮБ-ын Хүүхдийн сан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон АНУ-ын “Сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах олон улсын төв”-тэй хамтран хууль сахиулах болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан “Цахим орчинд үйлдэгддэг хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх нь” сэдэвт сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Новотел зочид буудлын их танхимд зохион байгуулж байна.

 

Уг сургалт нь цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдийг илрүүлэх, гэмт хэрэгтнүүдийг мөрдөх, гэмт хэргийн хянан шийдвэрлэх үйл явцад анхаарах асуудлаар хууль хяналтын байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Тус сургалтад Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Прокурорын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын Харьяа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэл дүүргийн анхан шатны шүүгч нар болон Азийн Сан, Хууль Зүйн Дотоод Хэргийн Их Сургуулийн төлөөллүүд хамрагдаж байна.

 

Сургалтыг “Сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах олон улсын төв”-ийн мэргэжилтнүүд, АНУ-ын Хойд Виржиния-гийн Фэйрфакс хотын прокурор, Холбооны Мөрдөх Товчооны Хүүхдийн эсрэг мөлжлөг, хүний наймаатай тэмцэх тасгийн мөрдөгч болон АНУ-ын Маршалын албаны Зан үйлийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд чиглүүлэн явуулж байна.

Сургалтын үр дүнд манай улсын хууль сахиулах байгууллагын ажилтнуудын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавх сайжирч, хохирогч хүүхдүүдийг тогтоон тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцааг цаг алдалгүй үзүүлэх байдалд ахиц гарна гэсэн хүлээлттэй байна.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол улсад цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн эрсдэл, хариу авч буй арга хэмжээг тодорхойлсон анхны нөхцөл байдлын судалгааг хийх бөгөөд хохирогч хүүхдүүдэд үзүүлэх хамгааллын үйлчилгээг  сайжруулах зорилгоор хүүхдийн тусламжийн 108 утасны программын шинэчлэлийг хийх, энэ төрлийн гэмт хэргийг мэдээлдэг анхны порталыг www.ekids.mn сайтад холбох,  эцэг эх, багш, боловсролын байгууллагын ажилтнуудын энэ талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэн, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан