Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилт- орон нутагт”...
“Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилт- орон нутагт” орон нутгийн телевизүүдийн удирдлагуудын зөвлөгөөн зохион байгууллаа
2020-11-09

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоотой хамтран “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилт- орон нутагт” сэдэвт зөвлөгөөнийг орон нутгийн телевизүүдийн удирдлагуудын дунд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийг дэмжихэд төрөөс баримтлах бодлого, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр одоо хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар, хуулийн хүрээнд шинээр батлагдсан журам болон боловсруулагдаж байгаа баримт бичгүүдийн төслүүдийн талаар танилцуулан, орон нутгийн телевизүүдийн төлөөллүүдийн санал бодлыг сонсож, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ оюуны өмчийн зөрчил, хяналт шалгалтын тухай асуудлаар илтгэл тавьж, дуу, хөгжим бүтээгчдийн онцгой эрхийг хамгаалдаг хамтын удирдлагын байгууллагын (MOSCAP) гүйцэтгэх захирал Ү. Хүрэлбаатар оролцож зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах, орон нутгийн телевизүүдтэй хамтран ажиллах чиглэлээр сонирхсон асуултад хариулт өгч оролцлоо.

Зөвлөгөөнд 15 аймгаас 36 телевизийн удирдах албан тушаалын хүмүүс хүрэлцэн ирж оролцсон байна.

Зөвлөгөөнд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, хуулийн хэрэгжилттэй холбоотой хийгдэх ажлуудын талаар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очир танилцуулж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу Өргөн нэвтрүүлгийг дэмжихэд төрөөс баримтлах бодлого, боловсруулах журмуудын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Бямбасүрэн илтгэл тавьж оролцлоо.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан чиг үүргийн дагуу Зохицуулах хорооны 2020 оны 64, 62-р тогтоолоор баталсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”, “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ын талаар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч. Оюунгэрэл, Т.Мөнхнаран нар танилцууллаа.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24.2, 30.1.6-д заасан чиг үүргийн дагуу Зохицуулах хорооноос боловсруулсан “Радио, телевизийн хөтөлбөрт тавих шаардлага”, “Радио, телевизээр дамжуулах зар сурталчилгааны журам”-ын төслийн танилцуулгыг Өргөн нэвтрүүлгийн газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн П. Золбоо нар танилцуулсан бөгөөд оролцогчид журмуудын төсөлд саналаа өглөө.

Түүнчлэн Орон нутгийн телевизүүдийн Гал Хөгжил холбооны тэргүүн Ч.Баярсайхан Орон нутгийн телевизүүдийн хууль эрхзүй, бизнесийн орчны өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага сэдвээр илтгэл тавьсан бөгөөд орон нутгийн телевизүүдийн өнөөгийн байдлаа товч үнэлсэн, цаашид орон нутгийн телевизүүдийн анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар зөвлөмж өгсөн сонирхолтой илтгэл боллоо.

Зөвлөгөөн орон нутгийн телевизүүдийн холбооны дотоод хуралдаанаар өндөрлөлөө.