Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЧИГ...
“ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ФОРУМ БОЛЖ БАЙНА
2024-03-28
“ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ФОРУМ БОЛЖ БАЙНА “ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ФОРУМ БОЛЖ БАЙНА

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнөөдөр (2024.03.28) “Их өгөгдөл, хиймэл оюун ухааны зохицуулалтын чиг хандлага” форумыг зохион байгуулж байна.  

Форумд ЦХХХЯ, Үндэсний Статистикийн Хороо, холбогдох төрийн байгууллагууд, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид, технологи, инновац хөгжүүлэгч хувийн хэвшлийн байгууллагууд, банкны салбарын дата төвүүд, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон БНСУ-ын технологи инновацын байгууллагуудын 70 орчим төлөөлөл оролцлоо.

Их өгөгдөл, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, ашиглахтай холбоотой олон улсын бодлого, зохицуулалт, дүрэм журам нь улс орон бүрд харилцан адилгүй байдаг ч аюулгүй, ёс зүйтэй, хариуцлагатай байдлаар хөгжүүлж, ашиглахад чиглэгддэг.

Энэ удаагийн форумаар Монгол Улсын их өгөгдөл, хиймэл оюун ухааны бодлого,  зохицуулалтын орчны өнөөгийн байдал, хиймэл оюун ухаанд суурилсан инновац технологиудыг бизнест нэвтрүүлэх, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны ажлууд болон БНСУ-ын дата аж үйлдвэрлэлийн экосистемийн талаарх сонирхолтой судалгаа, илтгэлүүдийг танилцууллаа.

Мөн төрөөс шинэ технологи инновацыг бизнест нэвтрүүлэхэд төрийн бодлого, зохицуулалтын орчныг бий болгох, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлуудыг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хийх шаардлагатай ажлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм.

Энэхүү форум нь оролцогч байгууллагын төлөөллүүд хамтран хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлэх, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүх нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, бодлого, зохицуулалтын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж иргэн, төр, бизнесийн байгууллагууд цахимаар мэдээлэл солилцох, ашиглах техник технологийн дэд бүтцийг бий болгох талаар тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 11 дүгээр сарын 08 өдрийн "Их өгөгдлийн (big data) сан" үүсгэх тухай 401 дүгээр тогтоолоор баталсан байна.