Home / Articles / “GIRLS IN ICT DAY 2025” АРГА ХЭМЖЭЭ...
“GIRLS IN ICT DAY 2025” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-04-30
“GIRLS IN ICT DAY 2025” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО “GIRLS IN ICT DAY 2025” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

НҮБ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллага 2011 оноос эхлэн жил бүрийн 4-р сард Girls in ICT Day буюу харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь охидын өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэ онд “Цахим шилжилт-охидын оролцоо” уриа дор дэлхий нийтээр тэмдэглэж байна.

Girls in ICT Day санаачилга нь залуу эмэгтэйчүүд, охидод харилцаа холбоо, мэдээллийн технологийн боломжийг таниулах, тэднийг чадавхжуулах, энэ салбарт карьераа өсгөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой өдөр юм.

Монгол Улс энэхүү өдрийг 2016 оноос хойш тэмдэглэж ирсэн. Өнөөдөр /2025.04.30/ Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан, “И-монгол академи” УТҮГ болон Монголын Хүүхдийн зөвлөл хамтран “Girls in ICT Day 2025” арга хэмжээг охидын цахим орчинд сурч хөгжих, эрхээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ цахим шилжилтэд охидын оролцоог хангах зорилгоор ахлах сургуулийн 200 орчин охидыг хамруулан зохион байгууллаа.

“Girls in ICT Day 2025” арга хэмжээний үеэр дараах сэдвүүдээр илтгэл танилцууллаа. Үүнд:

  •         НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэг “Цахим орчинд хамаарах хүүхдийн эрхийн тухай 25-р нэмэлт Ерөнхий тайлбар”,
  •         Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал ба технологийн боломж”,
  •         И монгол академи УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын Төслийн менежер С.Цэвээнсүрэн “E-Mongolia-ийн хөгжүүлэлтийг баг хэрхэн ажилладаг вэ”,
  •         Хөөрхөн зүрх ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Цахим орчин дахь охидын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан юм.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын хөгжилд охидын оролцоог дэмжих, цахим орчинд үүсэх эрсдэл, тэдгээрийг даван туулах, цахим шилжилтийг үр ашигтай хэрэгжүүлэхэд охидын шийдлийг тусгах зорилгоор оролцогч охидын дунд “Цахим шилжилт-охидын оролцоо” танилцуулга бэлтгэх тэмцээнийг зохион байгуулж, шилдэг шийдлийг шалгаруулсан.

Тэмцээнд шилдгээр шалгасан 3 багийн охид шагнал хүртэж, цахим шилжилтийн талаар бусдыг сургахад хамтран ажиллах эрхтэй боллоо.