Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулдаг бүсийн зөвлөгөөнд энэ удаа баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамрагдсан бөгөөд зөвлөгөөн Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо болж өнгөрлөө.
Зөвлөгөөнд төрийн 6 байгууллага, төрийн бус 2 байгууллага, Монгол орон даяар үйлчилгээ эрхэлдэг 11 компани, орон нутгийн 14 компанийн 130 гаруй төлөөлөл оролцов.
Зөвлөгөөнөөр харилцаа холбооны салбарын хууль, эрх зүй, зохицуулалтын орчин, зохицуулалтын механизмын олон улсын хөгжлийн хандлага, харилцаа холбоо, интернэт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, технологийн хөгжил, цаашдын өөрчлөлтийн талаар илтгэл танилцуулагдаж, орон нутаг дахь харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ болон өргөн нэвтрүүлгийн хөгжлийн талаар панель хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн баруун бүсийн аймгуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт үзлэг хяналтын ажлын тайланг танилцуулж, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэлгэрэнгүй зөвлөмжийг тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрд албан ёсоор хүргүүлэхээр болов.
Зөвлөгөөнд оролцогчдын санаачлагчаар зөвлөгөөний зөвлөмж гарч, ХХЗХ, баруун бүсийн орон нутгийн захиргааны холбогдох байгууллага, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци хооронд гурван талт санамж бичиг байгуулж зурвас газрын хамгаалалт, газар зохион байгуулалт, алслагдсан суурьшлыг сүлжээнд холбох чиглэлээр хамтран ажиллах тухай тусгахыг дурджээ.
ХХЗХ нь зөвлөгөөний үеэр үйлчилгээ эрхлэгчдийн дэвшүүлсэн асуудал бүрийг авч үзэн, шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах бөгөөд эргэх холбоог үр дүнтэй зохион байгуулж, мэдээллийг ил тод харилцан солилцож ажиллана.