ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧ:
Үйлчлүүлэгчээс илгээмжийг хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагаа нь шуудангийн үйлчилгээ юм. Шуудангийн үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13 дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх болон 9.15 улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ.
Шуудангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэлт гаргагч нь Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Улс хоорондын үйлчилгээ эрхлэх бол Гаалийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг тус тус дагаж мөрдөнө.
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргагчид тавигдах нийтлэг шаардлага:
- Албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, санхүүгийн чадавхтай байх;
- Хэрэв Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх бол гадаад улсад хамтран ажиллах этгээдтэй албан ёсны харилцаа тогтоосон байх шаардлагатай.
Тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргагч нь үйл ажиллагааны төрлөөс хамааран харгалзах өргөдлийн маягтуудыг бүрэн бөглөж, уг маягтад заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн материалыг бүрэн, үнэн зөв бөглөн ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал юм.
Шуудангийн тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргахад доорх баримт бичгийг бүрдүүлнэ.
- Тусгай зөвшөөрөл хүсэж буй компанийн дэлгэрэнгүй танилцуулга;
- Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай хүний нөөц, техник тоног төхөөрөмж, үйлчилгээнд ашиглах анхан шатны маягтууд, эдийн засгийн тооцоо судалгаа бүхий батлагдсан бизнес төлөвлөгөө;
- Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, үйлчилгээний үнэ тарифын тооцоолол, санхүүгийн чадавхыг нотолсон баримт;
- Шуудангийн илгээмж хүргэх хугацаа, тээвэрлэлтийн болон шуудангийн технологи ажиллагааны шат дамжлагын зураглал;
- Ажлын байрны зохион байгуулалтын зураглал, цаашдын төлөвлөлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон үйлчилгээний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө; /шуудан илгээмжийн хадгалалт, хамгаалалт, ажлын байрны аюулгүй найдвартай байдал, камержуулалт, харуул хамгаалалт, галын, гамшгийн үеийн аюулгүй байдал/
Заавар, зөвлөгөө авах
Та шуудангийн тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах өргөдлийн маягтыг бөглөх, баримт бичгийг бүрдүүлэхэд тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны хариуцсан мэргэжилтнүүдтэй утсаар холбогдох эсвэл биеэр ирж уулзан зөвлөгөө авах боломжтой.
Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээлгэн өгөх
Хүсэлт гаргагч нь өргөдлийн маягтыг бөглөж, холбогдох нотлох баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлсэн бол https://customer.crc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан хүсэлтийг гаргана.