Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсаар зочилж, бидний үйл ажиллагаатай танилцаж буй Эрхэм танд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь эдийн засгийн өсөлт, бүтээмж, инновацын гол хөдөлгөгч хүч болон хөгжиж байгаа билээ.
Монгол Улсын анхны бие даасан, зохицуулах байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороо нь шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Дижитал шилжилт нь зөвхөн технологийн шинэчлэл бус, үндэсний өрсөлдөх чадвар, мэдээллийн тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал болжээ. Хиймэл оюун, Үүлэн тооцоолол, 5G, IoT технологийн хөгжил нь асар их хэмжээний өгөгдөл бий болгож, их өгөгдөл (Big Data)-д суурилсан бодлого шийдвэр нь илүү бодит олон талын мэдээлэлд тулгуурласан үр ашигтай болох, сүлжээний удирдлага, үйлчилгээний чанар сайжрах, бизнесийн шинэ загвар, стартап экосистем хөгжих, кибер аюулгүй байдлын эрсдэлийг урьдчилан илрүүлэх зэрэг бодит боломжуудыг бүрдүүлж байна.
Тиймээс эрх зүйн орчныг боловсронгуй болгож өгөгдөл солилцооны стандарт, кибер хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх, дотоодын платформ хөгжүүлэлтийг бодлогоор дэмжих хүрээнд:
v Монгол инженер, хөгжүүлэгчдэд суурилсан үндэсний дижитал платформуудыг дэмжих,
v Төрийн үйлчилгээ, төлбөр тооцоо, контент, үүлэн шийдлүүдийг дотоодын шийдэлд түшиглэн хөгжүүлэх,
v Өгөгдөл дотооддоо хадгалах, боловсруулах чадавхыг нэмэгдүүлэх дата төвийн бодлогыг хэрэгжүүлэх,
v Стартап, инновацын компаниудад зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллах болно.
Үндэсний платформууд нь зөвхөн бизнесийн ашиг сонирхол бус, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалах, хадгалах, ашиглах зэрэгт өндөр ач холбогдолтой юм.
Түүнчлэн алслагдсан бүс нутагт сүлжээ, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн дэд бүтцийн давхардсан хөрөнгө оруулалтыг бууруулах, хэрэглэгчид тасралтгүй, чанартай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн үр ашиг, өрсөлдөөнийг хангах зорилгоор дотоодын роуминг (national roaming) үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг салбарын бодлогын хүрээнд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг эрхэмлэн зах зээлийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр, хэрэглэгч төвтэй шийдлийг дэмжин ажиллана.
Харилцан итгэлцэл, түншлэл, нээлттэй хамтын ажиллагаа бол бидний амжилтын үндэс юм.
Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА
Жалавсүрэнгийн БАТ-ЭРДЭНЭ