Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Мэдээ мэдээлэл

“Харилцаа холбооны зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг боллоо

2025.09.25

“Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форумын хоёр дахь өдөр буюу 09 дүгээр сарын 25-ны өдөр "Дараа үеийн зохицуулалтын бүтэц, загвар – Зохицуулалтыг шинээр харах нь" сэдэвт дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Уг уулзалтад Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн асуудлаар зөвлөх төвийн (ACWL) зөвлөх хатагтай Татиана Янгуас Акост “Бие даасан зохицуулалтын үнэн бодит байдал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр улс төрийн, санхүүгийн болон үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах асуудалд олон улсын байгууллагууд (ITU, WTO болон бусад) хэрхэн хандаж, хууль эрх зүйн баримт бичиг, онолуудад хэрхэн тусгасан байдаг талаар онцлон танилцуулсан юм.

Мөн зохицуулагч байгууллагын хараат бус байдлыг хэмжих шалгуур үзүүлэлтүүд, түүний дотор:

  • томилгооны ил тод байдал,
  • санхүүгийн бие даасан эх үүсвэр,
  • шийдвэр гаргах үйл явцын хараат бус байдал,
  • шүүхийн хяналт болон парламентын тайлагнал,
  • ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн зохицуулалт,
  • мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц бүрдүүлэх зэрэг хүчин зүйлсийг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудын практик туршлагыг харьцуулан дүгнэв.

Уулзалтын дараагийн чухал илтгэлийг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ITU) Жакартагийн оффисын захирал ноён Кишор Бабу Еррабалла тавьж, “Зохицуулалтын өөрчлөлтийн шаардлага ба зохицуулагчдын үүрэг” сэдвийг хөндлөө. Тэрбээр 5G технологи болон том өгөгдлийн шинэ боломжуудыг бүх нийтэд хүртээмжтэй болгох асуудалд зохицуулагчид хэрхэн бэлтгэж байгаа талаар, мөн хууль эрх зүйн өөрчлөлтөд дасан зохицох байгууллагын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Түүний илтгэлд дараах гол сэдвүүд тусгагдсан. Үүнд:

  • Үндэсний болон олон улсын байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа
  • Институцийн загвар, салбар хоорондын зохицуулалтад тулгарч буй бэрхшээл
  • Дараа үеийн зохицуулагчдын шинэ ур чадвар, зохицуулалтын арга хэрэгслүүд
  • Зохицуулалтын орчинд өөрчлөлтийг удирдах менежмент

“Харилцаа холбооны зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг нь харилцаа холбооны салбарын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг хангахад чухал үүрэгтэй зохицуулалтын бодлого, зохицуулах байгууллагын хараат бус, бие даасан байдал, байгууллагын чадавх, олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж байна.

Энэхүү арга хэмжээ нь салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийхээс гадна харилцаа холбооны либеральчлагдсан зах зээлийн цаашдын стратеги, зохицуулалтын шинэ загваруудыг тодорхойлох, олон улсын чиг хандлагын талаар мэдээлэл авч, туршлага солилцох, бусад холбогдох байгууллагуудтай мэдээллээ хуваалцах зорилготой юм.

Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлагыг хэлэлцсэн онцгой ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email