Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Мэдээ мэдээлэл

“MЕТА TEEN ACCOUNT” МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЛЭЭ

2025.09.26

Харилцаа холбооны зохицуулах хороо Мета компанийн Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран тус компанийн өсвөр насны хүүхдэд зориулсан “Instagram Teen Account”-г Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэх арга хэмжээг Галарей Улаанбаатар төвд 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Мета компанийн Ази, номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлогын хэлтсийн дарга Доктор Приянка Бхалла нар нээж үг хэлэв.

Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн сурагч, эцэг эх, нийгмийн ажилтны төлөөллөөс гадна хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо.

Арга хэмжээний үеэр Мета компанийн аюулгүй байдлын бодлого, цахим орчинд хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлдэг үйл ажиллагаа, сошиал медиа ашиглах давуу тал болон эрсдэлийн талаар танилцуулахаас гадна зохион байгуулагчдын зүгээс “Instagram Teen Account”-г практикт хэрхэн ашиглах талаар сургалт хийж, нийгмийн сүлжээг аюулгүй ашиглах мэдлэг, чадварыг бэхжүүллээ.

Та бүхэн Instagram Teen Accounts-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ХХЗХ-ны цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлээр мэдээ мэдээлэл, зөвлөмж, зааварчилгаа бэлтгэн олон нийтэд хүргэдэг www.ekids.mn сайтаас авна уу.

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email