“Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форумын хүрээнд "Дижитал залилан ба хэрэглэгчийн аюулгүй байдал, хамгаалалт” семинар, хэлэлцүүлгийг 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд олон улсын байгууллагууд, Малайз, БНСУ болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд илтгэл тавьж, санал бодлоо солилцов. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологи, медиа салбарт тулгарч буй нууцлал ба өгөгдөл хамгаалалтын шинэ сорилтууд, өгөгдөл нутагшуулалт, олон улсын өгөгдөл солилцоо, түүнд тавигдах хязгаарлалт болон нууцлалын эрх зүйн шинэ чиг хандлагын талаар өргөн хүрээнд ярилцлаа.
Семинар, хэлэлцүүлгээр дижитал орчин дахь сүлжээний аюулгүй байдал, чухал дэд бүтцийн хамгаалалт, хэрэглэгчийн итгэлцэл, нууцлал зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж, дижитал шилжилтийн явцад тулгарч буй сорилтууд болон боломжит шийдлүүдийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтдаа хэлэлцэв. Мөн олон улсын сайн туршлага, ололт амжилтаас сонсож, суралцах боломжийг олгосон нь онцлог байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр дараах чиглэлээр мэдээлэл сонсож, санал солилцсон. Үүнд:
- Дижитал залилан, кибер аюулгүй байдалд зохицуулагчийн оролцоо
- Аюулгүй байдлын шинэ шаардлагыг хэрэгжүүлэх олон улсын арга барил
- “Security by design” буюу Аюулгүй байдлыг дизайнд суулгах зарчим ба үүнд зохицуулалтын оролцоо
- Харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг хангах
- Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төвүүд болон цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа
- Мессеж, дуудлага, дижитал луйврын эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын туршлага
Энэхүү семинар, хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшлийн төлөөлөл, зохицуулагч байгууллага, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, дижитал орчинд хэрэглэгчийн итгэлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах бодлого, шийдлийг хамтдаа эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.