Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН СТАНЦАД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖ, РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” ШИНЭЧИЛСЭН БАРИМТ БИЧИГТ САНАЛ АВАХ ТУХАЙ

2026.09.15

 Харилцаа холбооны зохицуулах хороо нь:

  • 2018 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” (4 бүлэг, 19 заалттай);
  • 2022 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага” (6 бүлэг, 27 заалттай);
  • 2024 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага” (5 бүлэг, 21 заалт, 2 хавсралттай) -ыг тус тус баталсан.

Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон зурвас ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийж зурвасын ашиглалтыг нэмэгдүүлэх, радио давтамжийн зурвасын нөөцийг бүрдүүлэх ажлын хүрээнд “Радио долгионы тухай хууль”-ийн 51 дүгээр зүйлийн 51.1.3 дахь заалтыг үндэслэн “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-тэй уялдуулан шинэчлэн боловсруулсан.

Энэхүү "Өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага" баримт бичиг нь 3 бүлэг, 25 заалт, 3 хавсралттай.

  • Нэгдүгээр хавсралтаар “Радиогийн үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт”;
  • Хоёрдугаар хавсралтаар “Телевизийн газрын сүлжээний үйлчилгээнд ашиглах радио  давтамжийн зурвасын хуваарилалт"
  • Гуравдугаар хавсралтаар “Олон сувгийн дамжуулах үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт”-ыг тус тус хийсэн болно.

Радиогийн үйлчилгээнд (хэт богино долгион) ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг Улаанбаатар хотын хамрах хүрээнд радио давтамжийн 8 сувгийн нөөцийг, орон нутгийн хамрах хүрээнд радио давтамжийн 28 сувгийн нөөцийг нэмэгдүүлсэн;

Олон суваг дамжуулах үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг Улаанбаатар хотод радио давтамжийн 48 МГц-ийн өргөнөөр нэмэгдүүлсэн.

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмж нь зөвшөөрөл хүсэгч, эсхүл эзэмшигчийн эзэмшлийн болон өмчлөлийн байх шаардлага тавихгүй байх гэсэн агуулгын хүрээнд 2022 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан баримт бичгээс 3.3, 3.5 заалтыг хассан.

Мөн Радио долгионы тухай хууль болон тусгай зөвшөөрлийн гэрээгээр зохицуулагдаж байгаа давхардсан агуулга бүхий заалтуудыг хассан болно. Шинэчилсэн найруулгад радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалтын зарчмын өөрчлөлт ороогүй ба өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын нөөцийг нэмэгдүүлсэн нь гол өөрчлөлт болно.

Шинэчлэн боловсруулсан баримт бичиг нь радио давтамжийн зурвасын хуваарилалтын нөөцийг нэмэгдүүлж эрэлт, хэрэгцээг хангах, стандартыг мөрдлөг болгон хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Энэхүү баримт бичиг шинэчлэн батлагдсантай холбогдуулан Харилцаа холбоо зохицуулах хорооны  2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар тогтоол, 2024 оны  08 дугаар сарын 15-ны өдрийн 170 дугаар дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгоно.

 

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email