Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

Хөтөлбөрт тавих шаардлагыг хамгийн сайн биелүүлсэн радио, телевизийг шалгарууллаа

2026.02.13
 
Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос өнөөдөр /2026.02.13/ үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд танин мэдэхүйн нэвтрүүлэг болон дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлгийг хамгийн их цагаар нэвтрүүлж, хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан телевиз, радиог шалгаруулж, өргөмжлөл гардууллаа.
 
Энэхүү арга хэмжээ нь үндэсний бүтээл үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний түүх, соёл, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, хүүхдийн насны онцлогт тохирсон бүтээлийг нэмэгдүүлэх зорилготой юм.
 
  • Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлгийг хамгийн их цаг нэвтрүүлсэн телевизээр Централ, Орхон аймгийн ТВ24 телевиз
  • Шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлгийг хамгийн их цаг нэвтрүүлсэн телевизээр NTV, Дархан-Уул аймгийн DBS телевиз
  • Хүүхдийн нэвтрүүлгийг NTV, Орхон аймгийн ТВ24 телевиз
  • Дохионы хэлний хэлмэрчтэй, хадмал тайлбартай нэвтрүүлгийг төлөвлөлтийн дагуу хамгийн их цаг нэвтрүүлсэн телевизээр Bloomberg телевиз,
  • Үндэсний түүх соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийг хамгийн их цагаар нэвтрүүлсэн радиогоор Хүүхэд радио ФМ-107.5 тус тус шалгарлаа.
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагаар өргөн нэвтрүүлгийн телевиз болон радио нь хөтөлбөрийн тодорхой цагийг үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн нэвтрүүлэг нэвтрүүлэх үүрэг хүлээдэг. Хуульд заасны дагуу ХХЗХ нь хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 
 
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.4-т заасны дагуу телевиз нь өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх мэдээ, мэдээлэл болон танин мэдэхүй, хүүхдийн нэвтрүүлэг зэргийг дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл хадмал тайлбартай байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр заасан. Үүний дагуу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хөтөлбөрөө хүргэж үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 47 телевизэд үүрэг хүлээлгэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email