Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.08.11

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хорооны хурлын танхимд зохион байгуулж, орон нутгийн төлөөллүүд цахимаар оролцлоо.
Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Кинонд насны ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журам, мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн орчин, хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл, мөн “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д оруулах өөрчлөлтийн төсөл зэрэг салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг танилцуулж, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн санал, байр суурийг сонсов.

Киноны насны ангиллын нэгдсэн тогтолцоог танилцууллаа

Кинонд насны ангилал тогтоох шалгуур, түгээхэд баримтлах журмыг Кино урлагийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Харилцаа холбооны зохицуулах хороо болон Кино урлагийн зөвлөлийн хамтарсан тушаалаар баталсан.
Уг журмаар Монгол Улсад киног түгээхдээ хуульд заасан насны ангиллыг хэрхэн тогтоох, түгээхтэй холбоотой харилцааг зохицуулахын зэрэгцээ насны ангилал тогтоох шалгуур үзүүлэлтийг анхлан тодорхойлсон. 
Насны ангиллын нэгдсэн тогтолцоог бий болгосноор хүүхэд, өсвөр үеийнхнийг нас, сэтгэлзүйн хөгжлийн онцлогт нь тохироогүй зохисгүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран хамгаалагч болон үзэгчдэд мэдээлэлтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Мөн насны ангилал нь кино бүтээлийг хориглох, цензур тогтоох хэрэгсэл бус, тухайн бүтээлийн агуулгын онцлогийг үнэлж, үзэгчийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн мэдээлэл өгөх зохицуулалт болохыг онцоллоо.

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө

Телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал, хуулийн зохицуулалтын талаар ойлголт мэдээлэл өгөхөөс гадна эдийн засгийн ангилал, өргөн нэвтрүүлгийн салбар аль ангилал хамаарах зэрэг асуудлаар танилцуулга хийж, санал солилцов. Мөн мэргэжлийн нэгдсэн холбооны байгуулахын ач холбогдол, чиг үүрэг, төрийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах зэргийг хуулиар хэрхэн зохицуулсан талаар анхлан танилцуулсан сургалт боллоо. Оролцогчдоос зөвлөмж гаргаж өгөх, цаашид салбарын бусад оролцогчдыг хамруулсан (мэргэжлийн холбоодыг) уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт гаргасан. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 2024 онд анхлан батлагдаж, 2026 онд нэмэлт, өөрчлөлт орсон.

Телевизийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх технологийн шийдлийг танилцуулав

Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд телевизийн хөтөлбөрт хүртээмжийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа өнөөгийн нөхцөл байдал, интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээнд зориулсан ITU-T H.702 зөвлөмжийн холбогдох заалт, түүнийг хэрэгжүүлж буй технологийн талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн дохионы хэл болон хадмал тайлбартай нэвтрүүлгийг хэрэглэгчдэд хүргэх шинэ шийдэл болох Япон Улсын “Астем” компанийн хэрэгжүүлж буй “Eye Dragon System” системийг танилцуулсан.

Тус систем нь IPTV үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ITU-T H.702 зөвлөмжийн шаардлагад нийцсэн бөгөөд телевизийн нэвтрүүлэг, видео контентын эх бичлэгт өөрчлөлт оруулахгүйгээр хадмал тайлбар болон дохионы хэлний орчуулгыг нээж, хаах боломжтой. Мөн үзэгч хадмал тайлбарын өнгө, байрлал, дохионы хэлний дүрсний хэмжээг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой юм.
Уг технологийн шийдэл нь шууд нэвтрүүлгээс гадна захиалгат видео сангийн буюу Video on Demand (VOD) үйлчилгээний үндсэн бичлэгт засвар оруулахгүйгээр хадмал орчуулга, дохионы хэлний орчуулгыг нэмэх боломжтойгоороо онцлогтой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр заасан.
Үүнтэй уялдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.4-т заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсад хамрах хүрээтэй телевизүүд мэдээ, мэдээллийн хөтөлбөр, хүүхэд, танин мэдэхүйн болон бусад төрлийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл хадмал тайлбартайгаар хүргэх үе шаттай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх зохицуулалтыг “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д тусган ажиллаж байна.

“Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэв

Сургалт, хэлэлцүүлгийн төгсгөлд “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн саналыг сонсов.
ХХЗХ-ны даргын тушаалаар батлагдсан “Зохицуулалтын баримт бичигт үнэлгээ хийх удирдамж”-ийн дагуу хийсэн үнэлгээ, дүгнэлт болон хууль тогтоомжтой давхардсан агуулга, хуулиар зохицуулах шаардлагатай асуудлыг журмаар зохицуулсан мөн хуулиар олгоогүй хориглолт, хязгаарлалт тогтоосон зохицуулалт байгаа эсэхийг нягталж, хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Төслөөр нийт 7 заалтыг хүчингүй болгох, 12 заалтыг өөрчлөн найруулах санал, үндэслэлийг танилцуулан хэлэлцүүллээ. Баримт бичигт оруулах өөрчлөлтийн төслийг хорооны цахим хуудаст 2026 оны 8 дугаар сарын 3-наас 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 40 хоногийн хугацаанд олон нийтэд нээлттэйгээр санал авахаар байршуулаад байна. Баримт бичгийн төсөлтэй https://shorturl.at/He2Lk холбоосоор нэвтэрч танилцан, саналаа өгөх боломжтой. 

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email