Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид Шуудангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дугаар заалтуудын хэрэгжилтийг хангахад мэдлэг олгох, холбогдох төрийн байгууллагуудын зүгээс тавьж буй шаардлага, өгч байгаа заавар зөвлөмж, цаг үеийн мэдээ, мэдээлэл зэргийг нэгдсэн журмаар өгөх сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь 2018 оноос шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний үүргийн хэрэгжилт буюу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, холбогдох гэрээний заалтууд, шуудангаар үйлчлүүлэгчийн гомдол болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гаргасан гаалийн зөрчил зэрэг үзүүлэлтүүдийг нэгтгэн дүгнэж ирсэн. Гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах явцад нийт шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд салбарын хууль эрх зүйн болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээллийг нэгдсэн байдлаар өгөх хэрэгцээ шаардлага үүссэн.
Уг шаардлагын дагуу төрийн байгууллага тус бүр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдлэг, мэдээллийг өгөх нь хүндрэлтэй тул Харилцаа холбооны зохицуулах хорооны санаачилгаар шуудангийн салбарт холбогдох бүх хяналт, зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын оролцоотойгоор нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх сургалтыг хагас жил тутам зохион байгуулж байна.
Сургалтыг зохион байгуулахад Гаалийн ерөнхий газар, түүний харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай байнга тогтмол хамтран ажилладаг. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдлэг олгох, цаг үеийн тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд зөвлөн туслах зорилгоор Татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн сургалтаар шуудангийн үйл ажиллагаа, ажлын байрны аюулгүй байдал, барааны тэмдэг зэрэг шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдэх шаардлагатай цаг үеийн хэрэгцээт мэдээлэл бүхий сэдвүүдээр илтгэл тавилаа. Үүнд:
- ХХЗХ болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийн биелэлт хангагдаж байгаа эсэхийг тодорхойлох, хэрэгжилтийг тогтмол хангуулах, түвшинг ахиулах, зорилгоор “Тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилт дүгнэх ерөнхий аргачлал” сэдвээр ХХЗХ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мөнхнаран илтгэл тавьсан. Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.7, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.3, “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх журам”-ын 4.3, тусгай зөвшөөрлийн гэрээнд тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч статистик мэдээ, тайланг батлагдсан маягтын дагуу үнэн зөв ирүүлэх үүргийг хэрэгжүүлэх зөвлөмжийг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрд биечлэн өгсөн.

- Оюуны өмчийн тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, дүрэм журам болон шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн хуулийн этгээдийн нэр, брэнд, логог баталгаажуулах талаар “Оюуны өмч бол эрсдэл, боломж, хөрөнгө” сэдвээр Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газрын Бүртгэлийн мэргэжилтэн М.Сумъяа;

- Гаалийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, дүрэм журам, гаалийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, дахин давтагдахгүй байх болон цаг үеийн мэдээлэл, анхаарах шаардлагатай асуудлын талаар “Гаалийн хяналт, бүрдүүлэлт, хорио цээрийн тухай болон Улс хоорондын шуудангийн илгээмжийн 2025 оны тайлан” сэдвээр Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ц.Хашцагаан

- Гаалийн байгууллагын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж шуудангийн үйлчилгээ эрхлэгчид болон иргэдэд хялбаршуулах, Шуудангийн тухай хуулийн 24.11, 24.1.12-р заалтыг хэрэгжүүлэх тухай “Гаалийн байгууллагын цахимжилт” сэдвээр Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газрын Гаалийн улсын байцаагч Д.Ням-Осор;

- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, дүрэм журам болон шуудангийн илгээмжээр илгээхээс сэргийлэх, хамтран ажиллах тухай “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлага” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Ариунтөгс;

- Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журам болон шуудангийн ажлын байр, тээврийн хэрэгслийг гамшгаас хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, төлөвлөлт бэлэн байдлыг хангуулах мэдлэг, мэргэжил арга зүйн зөвлөгөөний талаар “Гамшгаас сэргийлэх нь” сэдвээр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Ариунзаяа нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.



Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл санал, асуулгын үеэр
Сургалтын үеэр ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтнүүд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, зохицуулалтын баримт бичиг болон холбогдох журмын хэрэгжилт, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих талаар зөвлөмж, мэдээллийг өгсөн.
Олон талын оролцоо, хяналт, зохицуулалт шаардсан шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид хууль эрх зүйн шаардлага, хяналтын чиг үүргийг бүрэн ойлгож, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь нэн чухал тул хамтарсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэхүү сургалтыг зохион байгуулж эхэлснээс хойш шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гаалийн зөрчил 2018 онд 21, 2019 онд 13, 2020 онд 2, 2021 онд 3, 2022 онд 1, 2023 онд 0, 2024 онд 0, 2025 онд 2 гарч Шуудангийн тухай хууль, Гаалийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актын мөрдөлт сайжирсан үр дүнтэй байна.