НАСНЫ АНГИЛАЛ ТОГТООХ ШАЛГУУР, КИНО ТҮГЭЭХЭД
БАРИМТЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Эрх зүйн үндэслэл:
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Монгол Улсад кино бүтээлд насны ангилал тогтоох, түгээх үйл ажиллагаанд мөрдөх Насны ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журмыг олон улсын стандартын дагуу Кино урлагийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батална” гэж заасан.
Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.16.7дахь хэсэгт Кино урлагийн зөвлөлд кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох чиг үүргийг олгосон байна.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт кино түгээхэд
21.1.1.бүх насныханд зөвшөөрөх;
21.1.2.13 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх;
21.1.3.18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх.
гэсэн ангиллаар насны ангилал тогтооно гэж заасан.
Журмын төсөл боловсруулах ажиллагаа: Журмын төсөл боловсруулах ажлын хүрээнд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/10 тоот тушаалаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Насны ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журмын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт Кино урлагийн зөвлөлийн гишүүд, Харилцаа холбооны зохицуулах хороо, Жендерийн үндэсний хороо, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх алба, Кино театруудын менежментийн холбоо “Ю тийм”- ХХК зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл орсон.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийн 2025 оны I улирлын хуралдаанаар журмын төсөл боловсруулах ажлын хэсэгтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, өргөн нэвтрүүлэгт мөрдөгдөж байгаа насны ангиллын стандарт болон Кино урлагийг дэмжих тухай хуульд заасан насны ангиллын уялдаа, ялгаа, хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэн кино түгээхэд болон өргөн нэвтрүүлгийн салбарт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зохицуулалтын уялдааг хангах чиглэлээр гэх мэт асуудлаар журмын төсөл боловсруулахад анхаарах асуудлыг хэлэлцэж, санал солилцсон. Мөн тус зөвлөлийн 2-р хуралдаанаар журмын төслийг танилцуулж, санал авсан болно.
Журмын бүтэц
Журмын төсөл нь 5 бүлэг, 22 зүйл, 4 дэд хэсгээс бүрдэх бөгөөд Монгол Улсад түгээх кино бүтээлд насны ангилал тогтоох зарчим, шалгуур, кино түгээхдээ тус насны ангиллыг баримтлахтай холбоотой зохицуулалт, хяналт, гомдол маргаан шийдвэрлэх харилцааг зохицуулна.
- I бүлэг – Нийтлэг үндэслэл- Энэхүү бүлгээр журмын зорилго, эрхзүйн үндэслэл, мөн журмын хамрах хүрээ буюу тус журмыг мөрдөх этгээдийг тодорхойлсон.
- II бүлэг – Насны ангилал тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлал. Кинонд насны ангилал тогтоох шалгуур үзүүлэлтэд хамаарах үндсэн агуулга, үнэлгээний аргачлал, ангилал тогтоох үйл явц, Монгол Улсад түгээж байгаа кино, кинонд тогтоосон насны ангиллын талаарх мэдээлэл хүргүүлэх, энэ талаарх бүртгэл үүсгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.
- III бүлэг- Кино түгээхэд баримтлах шаардлага. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээлийг олон нийтэд түгээх үед мөрдөх шаардлага, насны ангиллын тэмдэг тэмдэглэгээг байршуулах шаардлага, киног аудио хэлбэрээр түгээхэд тавигдах шаардлага, кино түгээх үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн чиг үүрэг, мөн 18+насны ангилалтай кино сурталчилгаанд хүүхэд хамгаалах үүднээс тавих агуулгын хязгаарлалтыг тодорхойлсон.
- IV бүлэг - Гомдол хүлээн авах, шийдвэрлэх. Энэ бүлгээр насны ангилал буруу тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд гомдол хүрээн авах, шийдвэрлэх харилцаа тухайлбал мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан хяналт, үзлэг хийх, дүгнэлт гаргах болон киноны насны ангиллыг өөрчлөх эсэх асуудлаар шаардлага, мэдэгдлийг киноны эрх эзэмшигч, түгээлтийн байгууллага, гомдол гаргагч талд хүргүүлэх үйл явцыг зохицуулсан.
- V бүлэг. Хариуцлага. Энэхүү бүлгээр киноны эрх эзэмшигч, кино зуучлагч, түгээлтийн байгууллагын үүрэг хариуцлагыг тусгасан. Тухайлбал, насны ангиллыг үнэн зөв тогтоох, Кино урлагийн зөвлөлд мэдээллийг цаг тухайд нь хүргүүлэх, насны ангиллын мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх, түгээлтэд насны ангиллыг чанд баримтлах зэрэг үүрэг хариуцлагыг тодорхойлсон.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу журмын төсөлд санал авах ажиллагааг эхлүүлж байна.
Та бүхэн саналаа ...... 2025 оны 12-р сарын 26-ны дотор .... ирүүлнэ үү.
Харилцаа холбооны зохицуулах хороо