Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

“Girls in ICT day 2026” арга хэмжээнд дунд ангийн 100 гаруй сурагч оролцлоо

2026.04.22

Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Girls in ICT Day 2026” арга хэмжээг өнөөдөр Новотел зочид буудлын Гранд их танхимд зохион байгууллав.  

Энэхүү арга хэмжээ нь сурагч охидын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, цахим орчинд өөрийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой юм.

Арга хэмжээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 100 гаруй сурагч охид оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо яагаад чухал болох, энэ чиглэлээр суралцаж, ажилласнаар ямар боломж нээгддэг, мөн хиймэл оюуныг зөвхөн хэрэглэгч бус санаачлагч, бүтээгч байж, хүртээмжтэй, хариуцлагатай, тогтвортой нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжийн талаар зочин илтгэгчидтэй нээлттэй санал солилцож, цахим ур чадвараа дээшлүүллээ. Түүнчлэн багийн бүтээлч ажлаар дамжуулан хиймэл оюуныг аюулгүй, зохистой ашиглаж, тулгамдаж буй асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадавхыг эзэмшив.

Girls in ICT Day санаачилга нь залуу эмэгтэйчүүд, охидод харилцаа холбоо, мэдээллийн технологийн боломжийг таниулах, тэднийг чадавхжуулах, энэ салбарт карьераа өсгөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ/-аас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь охидын өдрийг 2011 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард тэмдэглэж ирсэн. Энэ жил “Хөгжилд чиглэсэн хиймэл оюун: Охид цахим ирээдүйг бүтээнэ” уриа дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.   

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт тэргүүлэгч компаниудад ажиллаж буй ажиллах хүчний 30 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн 10 хүрэхгүй хувь энэ чиглэлээр ажилладаг гэсэн судалгаа бий. Иймд охидод харилцаа холбоо, мэдээллийн технологийн боломжийг таниулах, тэднийг чадавхжуулах нь чухал ач холбогдолтой юм.  

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email