“Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” багц сургалтын модулийг танилцуулах “Эерэг цахим ирээдүй” өдөрлөг Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургууль дээр гуравдугаар сарын 17-ны өдөр боллоо.

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь НҮБ-ын Хүүхдийн Сан, ТЭСО групптэй хамтран Монгол Улсын хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчны аюулгүй байдлыг хангах “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төслийг хэрэгжүүлж, цахим орчны зөв, зохистой хэрэглээ, цахим орчинд хүүхдийн эрхийг хангах, цахим орчны эрсдэлээс хүүхдийг хамгаалах тухай мэдлэг, ойлголт өгөх гарын авлага, бататгах видео контент бүхий багц сургалтын модулийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч тус бүрд зориулан боловсруулан гаргаад байна.

“Эерэг цахим ирээдүй” өдөрлөгт тус сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилтнуудын төлөөлөл болох 200 гаруй хүн хамрагдаж, цахим ур чадвараа дээшлүүлэх мэдлэг мэдээлэл авсан юм.
Өдөрлөгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Ян Му, ТЭСО группийн Байгууллага хариуцсан захирал Э.Одончимэг нар нээж үг хэлсэн бөгөөд нийт 23 хичээл бүхий гарын авлага, хичээл бүрийг бататгах видео контент болон танилцуулгыг багтаасан багц сургалтын модулийг сургуулийн захирал, багш, эцэг эхийн төлөөлөлд гардуулан өглөө. Сургалтын гарын авлага, хичээлийг улсын хэмжээний бүх сургуулиудад түгээнэ.

Мөн өдөрлөгийн үеэр “Эерэг цахим ирээдүй” нөлөөллийн аяны талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэг, “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” багц сургалтын хичээлийн модулийн талаар ХХЗХ-ны Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг тус тус танилцуулсан бол ХХЗХ-ны Цахим орчны хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Дэлгэрмаа “Цахим орчин дахь хүүхдийн эрх” сэдвээр 4а ангийн сурагчдад хичээл заав.

Түүнчлэн арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн өсвөр үе, залуучуудын элч Б.Баттөр буюу Ангууч, FOUX хамтлаг оролцож, цахим орчинд бие биедээ хүндэтгэлтэй хандах, хувийн нууц мэдээллээ бусадтай хуваалцахгүй байх, эерэг цахим ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа.


