Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

АЗИД ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ БА ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ БАГА ХУРАЛ (CICA)-ААС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ФОРУМЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.10.07

Азид харилцан үйлчлэл ба итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (CICA)-аас “Туйлширсан ертөнцөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан итгэлцлийг бий болгох нь” сэдэвт олон улсын хэвлэл мэдээллийн анхдугаар форумыг 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Азербайжан улсын Баку хотноо зохион байгууллаа.

 

 

Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевын санаачилгаар Азербайжаны Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн зөвлөлөөс зохион байгуулсан энэхүү Хэвлэл мэдээллийн анхдугаар форум нь CICA-ийн гишүүн орнуудын төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан байгууллагын удирдлага, медиа байгууллагын төлөөлөл, сэтгүүлч, редактор, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулж, хэвлэл мэдээллээр дамжуулан итгэлцэл, харилцан ойлголцлыг дэмжих, үнэн бодитой, найдвартай, нэг талыг бариагүй мэдээллийн ач холбогдол, нийтлэг сорилт болон үндэсний медиа байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцох зорилготой юм. 

 

 

Анхдугаар форумд Азийн 20 гаруй улс орны засгийн газрын албан тушаалтнууд, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллагын удирдлагууд, бодлого боловсруулагчид болон мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн ба Монгол Улсаас Харилцаа холбооны зохицуулах хорооны (ХХЗХ) Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн нар оролцлоо.

 

 

Ази тивийн 90%-ийг хамарч эгнээндээ 28 гишүүн улсыг нэгтгэсэн CICA (Aзид харилцан үйлчлэл, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал) нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд хувь нэмэр оруулж, гишүүн орнуудын хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдол өгдөг билээ. 

 

 

Азербайжан улсын Ерөнхийлөгчийн туслах, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлогын хэлтсийн дарга Хикмет Хажиев нээлтийн ёслолд тавьсан илтгэлдээ “Ерөнхийлөгч Алиев CICA-ийн институцийн чадавхийг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг өргөжүүлэх, 28 гишүүн орны хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж, сайн туршлага солилцох, нийтлэг сорилтыг хэлэлцэх, бүс нутгийн энх тайван, итгэлцлийг бэхжүүлэх зорилгод нийцсэн хамтын ажиллагааны боломж, арга замыг тодорхойлж, хэвлэл мэдээллийг зөвхөн мэдээлэл түгээх суваг бус, харилцан ойлголцол, яриа хэлэлцээг дэмжих, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэх чухал оролцогч гэж үзэж байна” хэмээн тэмдэглэв.

 

 

CICA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кайрат Сарыбай дижитал шилжилтийн үед мэдээллийн хурдацтай урсгал нь нийгэм хоорондын ялгааг арилгах эсвэл үл ойлголцлыг гүнзгийрүүлэх боломжтойг онцлоод “"Геополитикийн хурцадмал байдал болон эдийн засаг, цаг уурын дарамтаас үүдэлтэй хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд дижитал шилжилт нь нийгэмлэгүүдийн мэдээлэлд хандах, тайлбарлах арга барилыг хурдацтай өөрчилж байна. Ийм нөхцөлд бүтээлч, баримтад суурилсан мэдээллийг дэмжих нь дэлхийн тэргүүлэх чиглэл болж байна” хэмээн тодорхойлсон юм. 

Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээллийн солилцоогоо нэмэгдүүлж, хамтарсан баримтыг нягтлах замаар бүс нутгийн санаачилгыг иргэдийн амьдралтай холбохыг уриалж, гишүүн орнууд CICA-г бүрэн хэмжээний олон улсын байгууллага болгон өргөжүүлэх зорилгоор 10-р сарын 15-нд Баку хотод зохион байгуулагдах CICA-ийн Долоо дахь дээд хэмжээний уулзалтын өмнө ийнхүү хэвлэл мэдээллийн форумыг зохион байгуулсан нь онцгой чухал алхам болсныг  онцоллоо.

 

 

Азербайжаны Ерөнхийлөгчийн Тусгай даалгаврын асуудал хариуцсан төлөөлөгч Халаф Халафов хэлэлцүүлгийн үеэр мэдээллийн туйлширсан ертөнцөд нийгмийн хуваагдлыг арилгах, улс орнуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд бодитой, мэргэжлийн сэтгүүл зүй чухал гэдгийг чухалчиллаа.

 

 

Форумын хэлэлцүүлэг “Нийгмийн эв нэгдэл ба соёл хоорондын харилцан яриаг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг” сэдвээр өрнөсөн бөгөөд Пакистаны Холбооны Боловсрол, мэргэжлийн сургалтын сайд Важиха Камар, Узбекистаны Ерөнхийлөгчийн Захиргааны харьяа Хэвлэл мэдээллийн контент үйлдвэрлэлийн төвийн захирал Кобулжон Ахмедов нар бүс нутгийн хуваагдлыг арилгахын тулд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж мэргэжлийн сэтгүүлчдийг идэвхжүүлэх тал дээр анхаарал хандуулахыг уриалав. 

 

 

 

Өнөөгийн олон улсын мэдээллийн орчинд геополитикийн зөрчил, нийгэм, үзэл бодлын туйлшрал, цахим платформын нөлөө, хиймэл оюунд суурилсан контентын өсөлт, буруу болон зориуд төөрөгдүүлсэн мэдээллийн тархалт зэрэг нь олон нийтийн мэдээлэлд итгэх итгэл, нийгмийн харилцан ойлголцолд шинэ сорилт бий болгож байна. Ийм нөхцөлд хэвлэл мэдээлэл нь талцал, үл ойлголцлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байхын зэрэгцээ бодитой, найдвартай, нэг талыг бариагүй мэдээллээр дамжуулан харилцан ойлголцол, нийгмийн эв нэгдэл, итгэлцлийг бэхжүүлэх чухал үүрэгтэй. Энэ утгаараа CICA-ийн Анхдугаар Медиа форум нь хэвлэл мэдээллийн үүрэг, хариуцлагыг бүс нутгийн итгэлцэл, хамтын ажиллагааны зорилготой уялдуулан хэлэлцсэнээрээ онцгой ач холбогдолтой юм. 

 

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны хувьд CICA-гаас зохион байгуулсан Хэвлэл мэдээллийн анхдугаар форумд оролцсоноор арга хэмжээний үеэр хэлэлцэгдсэн хиймэл оюуны эрин үе дэх контент боловсруулалт, ёс зүйн хэм хэмжээ, цахим орчны зохицуулалтын дэвшилтэт санаануудыг Монгол Улсын хэвлэл мэдээлэл болон цахим зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход ашиглах, дэлхийн бусад орны зохицуулах байгууллагуудтай санал хуваалцах, харилцан зөвлөлдөхөд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email