Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.09.25

 

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд Шуудангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад мэдлэг олгох, шуудангийн салбарт холбогдох төрийн байгууллагуудын зүгээс тавьж буй шаардлага, өгч байгаа заавар зөвлөмж, цаг үеийн мэдээ, мэдээлэл зэргийг нэгдсэн журмаар өгөх ээлжит сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

 

 

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүй, цаг үеийн мэдээллийг төрийн байгууллага бүрээс тогтмол авахад хүндрэлтэй байдаг тул Харилцаа холбооны зохицуулах хорооны санаачлагаар шуудангийн салбарт холбогдох хяналт, зохицуулалтын төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын оролцоотойгоор нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх сургалтыг хагас жил тутам тогтмол зохион байгуулж эхэлсэн.

Сургалтыг зохион байгуулахад Гаалийн ерөнхий газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай байнга тогтмол хамтран ажилладаг. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээлэл өгөх, цаг үеийн тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд зөвлөн туслах зорилгоор Татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Мал эмнэлэгийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

Энэ удаагийн сургалтад шуудангийн салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдэх шаардлагатай хууль эрх зүй, стандарт, нөхцөл, шаардлага, шуудангийн үйл ажиллагаа, ажлын байрны аюулгүй байдал, барааны тэмдэг зэрэг цаг үеийн хэрэгцээт мэдээлэл бүхий сэдвүүдийн хүрээнд холбогдох байгууллагуудын ажилтнууд илтгэл тавьж оролцлоо. Үүнд:

Харилцаа холбооны зохицуулах хороо болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийн биелэлтын хэрэгжилтийн түвшинг тодорхойлох, тогтмол хангуулах зорилгоор “Гэрээний үүргийн биелэлтийн хяналтын тайлан” сэдэвт танилцуулга

 

У.Есөнтөмөр; Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтэн;

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс Шуудангийн тухай хуулийн 9.1.6-т заасны дагуу “Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх” зорилгоор шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоох аргачлалыг 2019 онд баталж, шуудангийн илгээмж хүргэх хугацаанд хяналт хийх ажлыг 2020 оноос эхлэн гүйцэтгэсэн байна. “Улс хооронд болон Дотоодын шуудан илгээмж хүргэлх хугацаанд хийсэн хяналтын тайлан - 2026” сэдэвт танилцуулга

 

Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.7, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.3, “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх журам”-ын 4.3, тусгай зөвшөөрлийн гэрээнд тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч статистик мэдээ, тайланг батлагдсан маягтын дагуу үнэн зөв ирүүлэх үүргийг хэрэгжүүлэх зорилгоор “Шуудангийн үйлчилгээ эрхлэгчийн статистик мэдээний (З-ШҮ) маягт шинэчлэн боловсруулсан тухай” сэдэвт танилцуулга

 

Ч.Оюунгэрэл: Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга

 

Д.Нямаа: Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн

 

Шуудангийн хүргэлтийн үйлчилгээний чанар, хүртээмж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинээр боловсруулсан “Шуудангийн хүргэлтийн үйлчилгээний стандарт”-ын төслийг шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад танилцууллаа.

 

Шинээр боловсруулж буй стандарт нь шуудангийн илгээмжийг хүлээн авах, ангилах, тээвэрлэх, хүргэх үе шатанд тавигдах шаардлага, үйлчилгээний чанар, хүргэлтийн хугацаа, аюулгүй байдал, хэрэглэгчид мэдээлэл хүргэх болон хариуцлагатай холбоотой шаардлагыг илүү тодорхой болгоход чиглэж байна.

 

М.Бурмаа: ШУТИС-Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, Доктор (Ph.D), дэд профессор

 

Шуудангийн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэгчдийн туршлага болон хэрэгжүүлэх боломжтой уялдуулах зорилгоор шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс стандартын төсөлд санал авч байгаа бөгөөд ирүүлсэн саналыг нэгтгэн, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг тусган эцэслэх юм. Тус стандартыг батлан хэрэгжүүлснээр шуудангийн хүргэлтийн үйлчилгээний нэгдсэн шаардлага, чанарын шалгуур бий болох, үйлчилгээний найдвартай байдал дээшлэх, хүргэлтийн үйл явц илүү тодорхой, хариуцлагатай болох, хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтой.

 

Татварын ерөнхий газраас “Шуудангийн үйл ажиллагаанд НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт сургалтаар шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, татвар ногдуулах болон тайлагнахтай холбоотой нийтлэг шаардлага, практикт түгээмэл гардаг алдаа, эрсдэлийн талаар мэдээлэл өгч, хангах чиглэлээр зөвлөмж хүргэв.

 

Х.Цэндмаа: Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч

 

Оюуны өмчийн газраас Оюуны өмчийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, дүрэм журам болон шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн хуулийн этгээдийн нэр, брэнд, логог баталгаажуулах талаар “Оюуны өмч бол эрсдэл, боломж, хөрөнгө” сэдэвт танилцуулга хийсэн.

 

М.Сумъяа: Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газрын Бүртгэлийн мэргэжилтэн;

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, дүрэм журам болон шуудангийн илгээмжээр илгээхээс сэргийлэх, хэрхэн ажиллах талаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлага” сэдэвт танилцуулга

 

Н.Марал-эрдэнэ; Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах, дэд хурандаа

 

Мөн сургалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтнүүд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, зохицуулалтын баримт бичиг болон холбогдох журмын хэрэгжилт, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих талаар зөвлөмж, мэдээллийг өглөө.

 

Шуудангийн зохицуулалтын газар

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email