Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

ХХЗХ-НЫ ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ ОУЦХБ-ЫН СТАНДАРТЧИЛЛЫН ТОВЧООНЫ ОРЛОГЧ ДАРГА, ДОКТОР БИЛЕЛ ЖАМУССИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026.08.18

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын Цахилгаан холбооны стандартчиллын товчооны орлогч дарга бөгөөд Судалгааны бүлэг болон бодлогын газрын захирал, доктор Билел Жамусси (Bilel JAMOUSSI)-г хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар дэлхий дахинд эрчимтэй хөгжиж буй мэдээлэл, харилцаа холбооны салбарын чиг хандлага, олон улсын стандартчиллын бодлого, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан (AI), квант аюулгүй байдал болон зүйлсийн интернет (IoT)-ийн чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Билел Жамусси нь дэлхийн тэргүүлэгч платформ болох НҮБ-ын "AI for Good" дээд хэмжээний уулзалтыг үндэслэн байгуулж, удирдахаас гадна олон улсын олон тооны патент эзэмшдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бөгөөд 2010 оноос хойш ITU-д үр бүтээлтэй ажиллаж, дэлхийн 194 гишүүн улс, 1000 гаруй компани, их сургуулиудыг хамарсан олон улсын стандартыг боловсруулахад манлайлан оролцсон салбарын туршлагатай зүтгэлтэн юм. 

 

ХХЗХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн хүрээнд олон улсын байгууллагатай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, технологийн дэвшил, цахим шилжилт, кибер аюулгүй байдал болон хиймэл оюуны зохицуулалтын чиглэлд олон улсын стандартыг нэвтрүүлэхэд онцгойлон анхааран ажиллаж байгаагаа илэрхийллээ.

 

Талууд цаашид үндэстэн дамнасан цахим платформ, контентын зохицуулалт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд олон улсын байгууллагуудтай туршлага солилцож, хамтран ажиллахаар тохирлоо.

 

 

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email