2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос (ХХЗХ) “Нам орбитын хиймэл дагуулын бодлого, зохицуулалт, үйлчилгээний чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), ХХЗХ, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци (МХОА), мөн үүрэн холбооны болон сансрын холбооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын удирдлага, төлөөлөл өргөн бүрэлдэхүүнээр оролцсон юм.
Уулзалтаар нам орбитын хиймэл дагуул (LEO), гар утсанд шууд холбогдох (D2D) технологийн хөгжлийн чиг хандлага, тэдгээрийг Монгол Улсад нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын орчин, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж дараах үндсэн сэдвүүдээр илтгэлүүд тавигдав:
- Монгол Улсын харилцаа холбооны бодлогын чиглэл, хөгжлийн зорилтууд (ЦХИХХЯ);
- LEO болон D2D үйлчилгээний олон улсын зохицуулалтын чиг хандлага (ХХЗХ);
- Салбарын операторуудын LEO D2D үйлчилгээний талаарх нэгдсэн байр суурь (МХОА);
Илтгэлүүдээр хиймэл дагуул ба хөдөлгөөнт холбооны сүлжээний интеграц нь харилцаа холбооны салбарын дараагийн үе шат болж байгааг онцлон тэмдэглэж, эдгээр технологи алслагдсан бүс нутгийн холбооны хүртээмжийг нэмэгдүүлэх, сүлжээний найдвартай байдлыг сайжруулах, гамшиг онцгой нөхцөлд ашиглах чухал боломжийг бүрдүүлж байгааг дурдав.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт дараах асуудлуудаар санал солилцов:
- LEO болон D2D үйлчилгээг үндэсний бодлогод тусгах хэрэгцээ;
- Лиценз, зөвшөөрөл, давтамжийн зохицуулалтын тогтолцоо;
- Газрын станц (gateway) болон дэд бүтцийн зохицуулалт;
- Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалт;
- Үүрэн оператор болон хиймэл дагуулын операторын хамтын ажиллагааны загвар;
- Алслагдсан бүс нутгийн холболтыг сайжруулах боломж;
- Зах зээлийн боломж, эрсдэл, цаашдын хөгжлийн чиглэл;
Хэлэлцүүлэгт оролцогчид хиймэл дагуул болон хөдөлгөөнт сүлжээний түншлэлд суурилсан зохицуулалтын загвар нь Монгол Улсын нөхцөлд хамгийн оновчтой гэж үзэж, дотоодын операторуудын оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих шаардлагатайг онцолсон юм.

Цаашид ЦХИХХЯ, ХХЗХ-ноос хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид үндэслэн:
- Салбарын бодлогын чиглэл
- Давтамжийн зохицуулалт
- Лиценз, зөвшөөрлийн тогтолцоо
- Олон улсын болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр бодлого, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.

Зохицуулалтын газар