Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

Нийгмийн сүлжээний зохицуулалт: өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага хэлэлцүүлэг боллоо

2026.04.27

     Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хамтран “Нийгмийн сүлжээний зохицуулалт: Өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар зэрэг кибер аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, хууль хяналтын чиглэлийн 24 байгууллагын 80 гаруй удирдах албан тушаалтан оролцож, хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн сүлжээний платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Цахим орчны өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдсан асуудал: Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсөж, ялангуяа "Мета" компанийн Facebook платформ нийгмийн харилцааны гол суваг болсон байна. Үүнийг дагаад дараах сөрөг үр дагаврууд нэмэгдэж байгааг талууд онцлосон. Үүнд:

  • Хүүхдийн эрхийг зөрчсөн контентын тархалт;
  • Цахим залилан болон кибер гэмт хэргийн өсөлт;
  • Худал мэдээлэл (fake news) болон бусдын нэр төрд халдах явдал.

Хэлэлцүүлгийн гол үр дүнгүүд:

Хууль эрх зүйн шинэчлэл: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам хамтран боловсруулж буй нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг танилцуулж, цахим орчны эрх зүйн орчныг олон улсын жишигт (Их Британи, БНСУ, Япон, Малайз, Казакстан, Индонез гэх мэт) нийцүүлэн шинэчлэх шаардлагатайг хэлэлцэв.

Статистик ба бэрхшээл: Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн статистикийг танилцуулж, гадаадын платформ эзэмшигч компаниудтай мэдээлэл солилцоход тулгарч буй хүндрэлүүдийг онцоллоо.

Хамтын ажиллагааны механизм: Цахим орчны зохицуулалт нь зөвхөн нэг байгууллагын ажил биш тул төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхээр тогтов.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ: Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид дэлхийн томоохон технологийн компаниудтай (Meta, Google, TikTok г.м) шууд харилцаа тогтоох, Монгол Улсад тэдгээрийн суурин төлөөлөгчийг ажиллуулах эрх зүйн боломжийг бүрдүүлэх, салбар хоорондын уялдааг хангах тогтолцооны механизм байгуулах тал дээр нэгдсэн ойлголцолд хүрлээ.

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn