Нэг. Эрх зүйн үндэслэл
Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.4-т заасан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 оны А/42 тоот тогтоолоор батлагдсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам" болон 9.1.11-д заасан бүрэн эрхийн хүрээнд зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хороо тогтоодог.
Тус хороо нь Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг анх 2003 онд тогтоож байсан бөгөөд 2007, 2011, 2014, 2017, 2021 онуудад үйлчилгээний хүрээ, төрөл, ангилал өөрчлөгдсөн шалтгаанаар хөлсний хэмжээнд тухай бүр өөрчлөлт оруулж байсан.
Шинээр батлагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь нэр бүхий 14 тусгай зөвшөөрлийг олгох болсон. Иймд тус хороо нь харилцаа холбоо, өргөн нэвтрүүлэг, шуудангийн чиглэлээр нийт 29 төрлийн тусгай зөвшөөрөл олгодог байсныг Зөвшөөрлийн хуульд нийцүүлэн 14 төрөл болгон нэгтгэж зохицуулалтын хөлсний хэмжээг хуульд нийцүүлэн 2022 оны 61 тоот тогтоолыг баталсан.
Мөн 2024 оны 203 тоот тогтоолоор Шуудангийн сүлжээ, Хот, хот хоорондын сүлжээ, Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ, Арилжааны телевизийн үйлчилгээ, Төлбөртэй телевизийн үйлчилгээний зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулан баталж мөрдүүлэн ажиллаж байна.
Хоёр. Одоогийн нөхцөл байдал
Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг “Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан аргачлал, зөвлөмжид үндэслэн журмын 1.2-д заасан зохицуулалтын үйлчилгээнд шаардагдах зардлыг тооцож тогтооно” гэж заасны дагуу ОУЦХБ-ын зөвлөмжийг үндэслэн зохицуулалт хийхэд шаардлагатай зардлын тооцоолол хийсэн.
Тооцооллын дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ нь 2014 оноос хойш өөрчлөгдөөгүй нэр бүхий 6 тусгай зөвшөөрлийн төрлөөр зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулах санал боловсруулсан болно.
- Мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх;
- Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх;
- Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх;
- Сансарын холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх;
- Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх;
- Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх.
Бусад төрлийн тусгай зөвшөөрлийн хөлсний хэмжээг 2024 онд шинэчилсэн бөгөөд дээрх 6 төрөл нь тухайн шинэчлэлд хамрагдаагүй тул одоогийн байдлаар ангилал хоорондын харьцаа алдагдаж, зохицуулалтын зардлыг нөхөх зарчим хангагдахгүй байна.
Гурав. Өөрчлөлт оруулах шаардлага, үндэслэл
Зардлын өсөлт. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын хурлын шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 20 хувиар нэмэгдүүлж, цагийн 4,715 төгрөг буюу сард 792,000 төгрөг болгосон.
Хөлсний хэмжээг хамгийн сүүлд тогтоосон 2014 оны хөдөлмөр хөлсний хэмжээ 192,000 төгрөгтэй харьцуулбал 600,000 төгрөг буюу 312.5 хувиар (4.2 дахин) өссөн боловч тус хорооны зохицуулалтын үйлчилгээний хөлс өөрчлөгдөөгүй байна.
Хуулиар хүлээсэн үүргийн нэмэгдэл. Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай зэрэг хууль тогтоомжоор Хороонд хэрэгжүүлэх үүрэг, чиг үүрэг үлэмж нэмэгдсэн бөгөөд энэ нь зохицуулалтын үйл ажиллагааны зардлыг дагалдан өсгөж байна.
Ангиллыг шинэчлэх шаардлага. Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэн үйлчилгээний ангиллыг газар зүйн хамрах хүрээгээр бус үйлчилгээний төрөл (үүрэн, суурин, олон улсын, интернэт, сансрын холбоо)-д тулгуурлан шинэчилж, технологийн төвийг сахисан, олон улсын жишигт нийцсэн зохицуулалтын ангилалд шилжүүлэх шаардлага үүссэн.
Дөрөв. Тооцооллын арга зүй
Хөлсний хэмжээг дараах дарааллаар тооцоолов:
(1) үйлчилгээний төрөл тус бүрд ноогдох зохицуулалтын үйл ажиллагааны зардлыг тодорхойлох; (2) уг зардлыг тухайн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоонд хуваарилж, нэг эзэмшигчид ноогдох зохицуулалтын үйлчилгээний хөлсийг гаргах; (3) хэт өндөр өсөлт үүсэх, эсхүл технологиос хамаарсан зөрүү гарах тохиолдолд тохируулах коэффициент хэрэглэн хөлсний хэмжээг бууруулах.
Мөн "Улс хоорондын ярианы үйлчилгээ" ба "Хот, хот хоорондын ярианы / дата үйлчилгээ /үүрэн/"-г нэгтгэн "Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх" болгох, "Улс хоорондын сүлжээ" ба "Улс хоорондын транзит урсгал дамжуулах"-ыг нэгтгэн "Олон улсын цахилгаан холбооны сүлжээ" болгох, суурин холбоо болон дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээний "Улаанбаатар", "Аймагт" гэсэн газар зүйн ангиллыг хасах саналыг тусгав.
---o0o---