Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-ын “Зохицуулагчдын Дэлхийн Чуулга Уулзалт” Турк улсын нийслэл Анкара хотноо 5 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны дарга Ж.Бат-Эрдэнэ, ХХЗХ-ны гишүүн, Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр, мөн тус хорооны Судалгаа шинжилгээний хэлтсийн дарга Ч.Оюунгэрэл, ЗГ-ын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг нар оролцов.

Чуулга уулзалтын хүрээнд нэгдсэн хуралдаан, салбар хуралдаан, хэлэлцүүлэг, сургалт, төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн уулзалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан.

“Мэдээлэл холбооны статистикийг бүх нийтийн болон утга төгөлдөр холбогдохуйг хөгжүүлэхэд ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ч.Оюунгэрэл статистик мэдээллийг сайжруулахад үүрэн холбооны өгөгдлийг ашиглах талаар өөрийн орны туршлагаасаа хуваалцав.

ХХЗХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ чуулга уулзалтын үеэр ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан-Мартин, Хөгжлийн салбарын захирал ноён Завазава, АНУ-ын Холбооны зохицуулах хорооны гишүүн хатагтай Оливия Трасти, ИБУИНХУ-ын зохицуулах байгууллага Ofcom-ын Давтамжийн бодлого, зохицуулалт хариуцсан захирал ноён Кристофер Вүүлфорд зэрэг албаны олон хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, Зохицуулах байгууллагын цаашдын хөгжил нь дэлхий нийтийн мэдээлэл холбооны салбарт ямар үүрэг оролцоотой байх талаар санал солилцон, хамтын ажиллагааг тал бүрд бэхжүүлэх нь чухлыг онцоллоо.

Мөн Туркийн Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах газрын даргаОмар Абдулла Карагөзоглутай уулзаж арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.
