Харилцаа холбооны Зохицуулах Хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

“Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум зохион байгууллаа

2025.09.24
Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум 2025 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд Галарей Улаанбаатар төвд зохион байгууллаа. Энэхүү форумыг Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлага, туршлагыг хэлэлцсэн юм.
Форумд Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн асуудлаар зөвлөх төв, Интернэтийн нэр, тоон хаягийн корпораци, Хөдөлгөөнт харилцаа холбооны ассосацийн глобал систем, Азийн Номхон далайн бүс нутгийн сүлжээний мэдээллийн төв, Тайланд улсын зохицуулах байгууллага, Малайз улсын зохицуулах байгууллага, технологи үйлдвэрлэгч Huawei компани зэрэг олон улсын байгууллага, салбарын гол тоглогчид болон Монголын оператор компаниуд оролцлоо.
 
“Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форумын эхний өдөр “Дижитал эрин дэх зохицуулалтын шинэчлэл, чиг хандлага” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тодруулбал, форумаар дараах дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Дижитал зах зээл ба дижитал орчинд зах зээлд шударга өрсөлдөх нөхцлийг хангах зохицуулалт
2. Дижитал сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалт – Дижитал шилжилтийг бүх нийтэд хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх
3. 5G сүлжээний давуу талыг бүрэн ашиглах боломж, тулгарч буй сорилт
4. Хиймэл оюун ухааны бодлого, зохицуулалтын асуудлууд
I. Дижитал эдийн засгийн зохицуулалтын чиг хандлага
Форумын эхний хэсгийн хуралдааныг ХХЗХ-ны гишүүн бөгөөд Ажлын албаны дарга А.Лувсан-Очир удирдан чиглүүлж, дижитал эдийн засгийн зохицуулалтын чиг хандлага, онлайн платформын өрсөлдөөн, дижитал экосистемийг хамтын ажиллагаанд суурилан хэрхэн хөгжүүлэх тухай хэлэлцэв. Энэ хэсэгт онлайн платформын өрсөлдөөнийг хамгаалах, дэмжих, зах зээлийн давамгайлал ба шударга өрсөлдөөний бодлого, дижитал орчинд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үндэсний зохицуулалтын үүрэг, хил хязгааргүй дижитал экосистемд тулгарч буй сорилт, зохицуулах байгууллагуудын чадавх зэрэг асуудлыг хөндөж, дижитал орчинд зохицуулалтын шинэ загвар шаардлагатайг онцоллоо.
II. Дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалт
Хоёр дахь хэсэгт дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэв. Тодруулбал, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, алслагдсан болон хөдөө орон нутгийн бүсүүдийг холбох шийдэл, дэд бүтцийн технологийн сонголт (LEO/GEO/MEO хиймэл дагуул, хувийн сүлжээ, FWA), сүлжээ, дэд бүтцийг хамтран ашиглах бодлого, 5G холболтын чанарыг сайжруулахад төрийн үүрэг, оролцоо зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
III. 5G сүлжээг ашиглах боломж
Гуравдугаар хуралдааныг ХХЗХ-ны Радио давтамж, хяналт, зохицуулалтын газрын дарга Ц.Чулуунбат удирдан чиглүүлж, 5G сүлжээ, үйлчилгээний хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, “арилжин борлуулах” боломжийг дээшлүүлэхтэй холбоотой олон улсын туршлага, хөрөнгө оруулалт, бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэв.Энэ хэсэгт шинэ үеийн технологи, стандарт, дэд бүтцийн төлөвлөлт, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бодлого, үйлдвэрлэлд ашиглах радио давтамжийн зурвас, сүлжээ, дэд бүтцийн хүртээмжийг бий болгох, үндэсний суурь сүлжээний чанарыг сайжруулах, 5G-ийн бизнес загварт үзүүлэх нөлөө ба үнэ цэн зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хамруулж хэлэлцлээ.Мөн уламжлалт радио давтамжийн бодлогын шинэчлэлт, радио давтамжийн зурвасыг хамтран ашиглах боломж, шийдэл, 5G сүлжээг ашиглан хоёрдогч зах зээл бий болгох талаар чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг өрнөв.
IV. Хиймэл оюун ухааны зохицуулалт
Форумын сүүлийн хэсгийн хуралдааныг ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд удирдан явуулж, хиймэл оюун ухааны зохицуулалтын өнөөгийн чиг хандлага, хиймэл оюун ухааныг ашиглан инновацыг дэмжихийн зэрэгцээ эрсдэлийг тэнцвэржүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ хэсэгт хиймэл оюун ухааны бодлого, зохицуулалт, ил тод байдал, өгөгдөлд хандах эрх, хэрэглэгчийн суурь эрхийг хамгаалах, итгэмжлэгдсэн AI – сайн дурын баталгаанаас заавал мөрдөх шаардлагад шилжих, хиймэл оюун ухааныг зохицуулалтын арга хэрэгсэл болгон ашиглах туршлага, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
“Харилцаа холбооны зохицуулалт 2025” форум нь Монгол Улсад дижитал шилжилтийн сорилт, боломжийг шийдвэрлэхэд зохицуулалтын үйл ажиллагаагаар дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангуулах зохистой шийдэл, гарц гаргалгааг гаргахад холбогдох талууд хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэх алхмыг хийж буй чухал арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээ нь зохицуулалтын хараат бус байдлыг хангах, дижитал эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ирээдүйн зохицуулагчдын шинэ ур чадвар, арга хэрэгслийг тодорхойлох зорилготой юм.

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn