Дэлхийн шуудангийн салбарын хамгийн том арга хэмжээ болох Дэлхийн шуудангийн 28 дахь Их хурал 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Өөрчлөлтийг удирдаж, Ирээдүйг бүтээе” уриатайгаар эхэллээ. Их хуралд Дэлхийн шуудан холбооны гишүүн 192 орны төрийн төлөөлөгчид, шуудангийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын 2000 орчим төлөөлөгч оролцож байна.
Их хурлаар Абиджаны их хурлаас баталсан 2022-2025 оны стратегийн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг танилцуулж, 2026–2029 онуудад хэрэгжих Дубайн стратегийг 192 орны шуудангийн салбарын удирдагчид хамтран батална. Тус стратеги нь дэлхийн шуудангийн салбарын дараагийн дөрвөн жилийн үйл ажиллагаа, хөгжлийн чиглэл болно. Дубайн стратегийн үндсэн зарчим нь шуудангийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, цахим худалдаатай уялдсан дижитал шилжилтийг хурдасгах, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шуудангийн салбарын оролцоог нэмэгдүүлэх юм.
Их хурлын үеэр зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалтын нэг нь Дэлхийн удирдагчдын форум байв. Тус форумын салбар хэлэлцүүлэг болох “Маргаашийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох – Удирдагчдын хэлэлцүүлэг”-т Монгол Улсыг төлөөлж Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн оролцлоо.
Дэлхийн шуудангийн их хурлаар Дэлхийн шуудан холбоог дараагийн 4 жилд удирдах дарга, дэд дарга, Дэлхийн шуудан холбооны Удирдлагын зөвлөл ба Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийг зохион байгуулдаг. Энэ удаагийн Их хуралд Монгол Улс Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлд анх удаа нэр дэвшиж байна.
Шуудангийн үйл ажиллагааны зөвлөл нь Дэлхийн шуудангийн холбооны техникийн болон үйл ажиллагааны төв байгууллага юм. Тус зөвлөл Их хурлын үеэр сонгогдсон 48 гишүүн улсаас бүрддэг.
Дэлхийн Шуудангийн 28 дахь Их хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсаас Арабын Нэгдсэн Емират улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар тэргүүтэй Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Шуудан ХК-ийн төлөөлөгчид оролцож байна.
Их хурал 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.