Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас Азийн хүний хөгжлийн төв НҮТББ-тай хамтран Япон улсын “Астем” ХХК-тай өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шийдлийн талаар санал солилцох, туршлага судлах чиглэлээр 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уулзалт зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх хэсэгт “.... телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг. Дээрх хуульд нийцүүлэн тус хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.4-т заасан хадмал тайлбар, дохионы хэл бүхий нэвтрүүлгийн хувь хэмжээг тодорхойлох чиг үүргийн дагуу Монгол Улсад хамрах хүрээтэй телевизүүдэд мэдээ, мэдээллийн хөтөлбөр, хүүхдийн болон танин мэдэхүйн нэвтрүүлгийг дохионы хэлмэрчтэй эсхүл хадмал тайлбартайгаар хүргэх үе шаттай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага” -аар үүрэг болгож байна.
Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх оновчтой шийдлийг эрэлхийлэх, гаднын улсын туршлага судлах зорилгоор Азийн хүний хөгжлийн төв ТББ-ын санаачилгаар Япон улсын “Астем” ХХК-ийн төлөөлөгчидтэй уулзалт хийж, хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгыг бэлтгэн хүргэх “Eye Dragon System”-ийн үйл ажиллагаатай товч танилцлаа.

Уг систем нь IPTV үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ITU-T H.702 зөвлөмжийн шаардлагад нийцсэн, телевизийн нэвтрүүлэг, видео контентын эх бичлэгийг өөрчлөхгүйгээр хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгыг нэмэх, мөн үзэгчийн хүсэлтээр хадмал тайлбарын өнгө, байрлал, дохионы хэлний дүрсний хэмжээ зэргийг тохируулах боломжийг олгодог. Түүнчлэн тус систем “үндсэн бичлэг”-ийг серверээс авч шууд нэвтрүүлэг болон захиалгат видео сангийн (On demand)-ны үйлчилгээнд үндсэн бичлэгт засвар оруулахгүйгээр хадмал орчуулга, дохионы хэлний орчуулгыг нэмэх боломжтой сервер, систем юм.
Энэхүү системийг нэвтрүүлснээр нэг дэлгэцийг 3 хэсэгт хувааж, сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүссэнээрээ тохируулга хийх боломжийг олгодог байна.
Тус компани нь салбарын холбогдох эрх бүхий байгууллагууд болон үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн бөгөөд цаашид энэхүү системийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, зохистой загвар, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нарийвчлан судлах аж.