Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ/ITU), Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага (АНДЦХБ/APT) хамтран Ази, Номхон далайн бүсийн Радио холбооны семинар 2026 (ITU Regional Radiocommunication Seminar 2026 for Asia and the Pacific (RRS-26)) арга хэмжээг 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Таван өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн 15 улсын 18 төлөөлөгч, Монгол Улсын төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, салбарын 25 байгууллагын 112 төлөөлөгч буюу нийт 130 оролцогч танхим болон цахимаар оролцов.

Семинарт ОУЦХБ, АНДЦХБ, Үүрэн холбооны дэлхийн ассоциаци (GSMA), Amazon, Viasat, Rohde & Schwarz, ATDI болон бусад олон улсын байгууллага, салбарын тэргүүлэх компаниудын мэргэжилтэн, экспертүүд оролцож, ОУЦХБ-ын Радио холбооны дүрэм, олон улсын радио давтамжийн спектрийн менежмент, Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл (MIFR), газрын болон сансрын радио холбооны үйлчилгээ, спектрийн мониторинг, спектрийн менежмент, өргөн зурвасын систем болон WRC-27-ын бэлтгэл зэрэг чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Тус семинарыг эх орондоо амжилттай зохион байгуулж, үндэсний инженер, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, радио давтамжийн спектрийн менежментийг боловсронгуй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороо зорьж ажиллалаа.


Олон улсын экспертүүд онолын сургалтыг практик дадлагатай хослуулж, газрын болон сансрын станцын радио давтамжийн мэдүүлэг, бүртгэлд ашигладаг ОУЦХБ-ын программ хангамж, мэдээллийн сан дээр ажиллах, радио давтамжийн мэдүүлэг бэлтгэх, олон улсын бүртгэлд бүртгүүлэх зааварчилга өгч, RR Article 5 Analyzer Tool, APT AFIS Tool зэрэг хэрэгслийг ашиглан давтамжийн хуваарилалтыг шинжлэх дадлага хийлээ.

Түүнчлэн GSO болон NGSO хиймэл дагуулын систем, газрын станцын зохицуулалт, IMT, HAPS, TV White Space (TVWS), Wi-Fi, хиймэл дагуулын өргөн зурвасын систем, нисэхийн болон далайн радио холбооны технологийн хөгжлийн чиг хандлага, тэдгээртэй холбоотой спектрийн зохицуулалтын асуудлыг хэлэлцэн инженер техникийн ур чадвараа дээшлүүлж чадлаа.


Семинарын төгсгөлд WRC-27-ын хэлэлцэх асуудал болон Ази, Номхон далайн бүсийн бэлтгэл сэдвээр дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулж, 2027 онд болох Дэлхийн радио холбооны их хурлын бэлтгэл, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал, мэдээлэл солилцсон юм.

Ази, Номхон далайн бүсийн Радио холбооны семинар нь Монгол Улсын мэргэжилтнүүдийн олон улсын давтамжийн бүртгэл, спектрийн төлөвлөлт, мониторинг, газрын болон сансрын радио холбооны зохицуулалт, шинэ технологи болон WRC-27-ын бэлтгэлийн чиглэлээр мэдлэг, практик ур чадварыг бэхжүүлэх, ОУЦХБ, АНДЦХБ болон бүс нутгийн мэргэжилтнүүдтэй мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.




