Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН САЛБАРТ ГАРЧ БУЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ, ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.07.02

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизүүдийн инженер, техникийн ажилтнуудад зориулсан “Өргөн нэвтрүүлгийн салбарт гарч буй техник технологийн дэвшил, чиг хандлага” сэдэвт сургалт, танилцуулгыг зохион байгууллаа.

Сургалт нь дөрвөн илтгэлээс бүрдсэн бөгөөд телевизийн үйлдвэрлэл, дамжуулалт, архивлалт, дүрс болон дууны чанарын чиглэлээр олон улсын хөгжлийн чиг хандлага, шинэ технологийн шийдлүүдийг танилцуулсан юм.

 

 

Тус хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Технологийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Болорхүү “Өргөн нэвтрүүлгийн салбарт гарч буй техник технологийн дэвшил, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн студийн техник, технологийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааны үр дүнг товч танилцууллаа. Мөн телевизийн дотоод ажлын урсгалын систем болох MAM болон NRCS-ийн хэрэглээ, түүний давуу талуудыг олон улсын жишээн дээр ярилаа. Телевизийн архивлалтын аргуудын тухай, архивлах нэвтрүүлгүүдийн мета өгөгдөл хийх зарчмын талаар танилцуулав. Контент дамжуулалт гэсэн хэсэгт Монгол улсын телевизүүдийн болон ОСДҮЭ-дийн дохио дамжуулж байгаа платформуудын хэлбэрүүд, өргөн нэвтрүүлгийн 5G дамжуулалтын тухай олон улсын туршлага, зарим хэрэгжүүлсэн жишээг танилцуулав. Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээ, дижитал платформуудын нөлөө нэмэгдэж буй энэ үед өргөн нэвтрүүлгийн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, технологийн зорилтын хүрээнд хиймэл оюун, виртуал технологи, үүлэнд суурилсан өргөн нэвтрүүлэг, шинэ үеийн контент түгээлтийн шийдлүүдийн талаар танилцууллаа.

 

 

“Глобалсмарт Сольюшн” ХХК-ийн ахлах инженер Э.Сүхбаатар “SDI-аас IP рүү шилжих нь” сэдвээр илтгэл тавьж, Телевизийн дотоод ажлын урсгалын холболтуудын IP (Internet Protocol)-д суурилсан дэд бүтцийн тухай SMPTE ST 2110 стандарт болон өргөн нэвтрүүлгийн байгууллагууд IP-д суурилсан дэд бүтэц рүү шилжиж буй олон улсын чиг хандлагыг танилцуулав. Энэхүү шийдэл нь дэд бүтцийн зардлыг бууруулах, 4К зэрэг өндөр нягтралтай үйлдвэрлэлийг дэмжих, cloud production орчныг бүрдүүлэх зэрэг давуу талтай бөгөөд өргөн нэвтрүүлгийн болон IT орчныг нэгтгэх зэрэг телевизийн салбарын хамгийн том технологийн өөрчлөлтүүдийн нэг болохыг онцоллоо.

Өргөн нэвтрүүлгийн дүрсийн чанар, техник технологийн дэвшил болох 4k форматыг өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулахад нэвтрүүлж байгаа олон улсын туршлага” сэдэвт илтгэлээр  UHD/4K ойлголт  талаар танилцуулж, UHD/4K технологийн хөгжлийн чиг хандлага, Япон, БНСУ, Хятад, АНУ болон Европын орнуудын туршлага, 4K үйлдвэрлэл, хадгалалт, дамжуулалтын үед тулгарч буй техникийн болон эдийн засгийн сорилтуудыг танилцууллаа.

 

 

Олон улсын туршлагаас харахад 4K өргөн нэвтрүүлгийг бүрэн нэвтрүүлэхэд архивын контентыг өндөр нягтралд хөрвүүлэх, хадгалалтын багтаамж нэмэгдүүлэх, үйлдвэрлэл болон дамжуулалтын зардал өсөх зэрэг техникийн болон эдийн засгийн сорилтууд тулгарч байна. Иймээс технологийн өндөр хөгжилтэй орнуудад ч бүрэн 4K эфирт шилжсэн телевизүүд хязгаарлагдмал хэвээр байгаа бол OTT платформууд нь уян хатан сүлжээ, дасан зохицох дамжуулалтын технологийн давуу талын ачаар 4K үйлчилгээг илүү хурдан нэвтрүүлж байна.

ӨНЗГ-ын мэргэжилтэн Б.Батмөнх “Дууны сонсогдолтын хүчийг түвшитгэх EBU R128 зөвлөмжийн тухай ойлголт, хэрэгжүүлэх арга замууд” сэдвээр илтгэл тавьж, телевиз, радиогийн салбарт дууны түвшинг жигд байлгах олон улсын стандарт, хэрэгжилтийн аргачлал болон хэмжилтийн үр дүнг танилцуулсан юм. Энэ хүрээнд дууны сонсогдолтын хүчний талаар телевиз, радиогийн инженер техникийн ажилтнууд болон дууны найруулагч нарын мэдэх ёстой онолын мэдлэгийн талаар мөн агуулсан. Үүнээс гадна нэвтрүүлэг, зар сурталчилгааны хоорондох дууны түвшний зөрүүтэй байдал нь үзэгч, сонсогчдын гомдол байнга гарах шалтгаан болсон тухай, манай улсын хувьд телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын заалтууд түүнд хүлээсэн үүрэг, сонсогдолтын хүчтэй холбоотой хэмжигдэхүүнүүд, мэргэжлийн түвшинд хэмжилт, тохируулга хийх зэрэг өргөн хүрээтэй асуудлууд хөндсөн илтгэл тавилаа.

 

2026 оны эхний хагас жилийн байдлаар 36 телевизийн нийт 465 контентын буюу нийт 423 цагийн дууны сонсогдолтын хүчний хэмжилт хийхэд 83.75 хувь нь буюу 400 контент нь  EBU R128 стандартыг хангасан, 16% буюу 64 контент дуу сул гэсэн дүн гарсан байна.

Энэхүү сургалт, танилцуулга нь телевизийн салбарт гарч буй техник, технологийн дэвшил, хөгжлийн чиг хандлагыг танилцуулахаас гадна чанартай контент үйлдвэрлэл, телевизийн салбарт тулгарч буй өнөөгийн сорилт, OTT платформын хөгжлийн нөхцөл дэх телевизийн байгууллагын бодлого, стратегийн чиглэл зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндлөө. Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааны зардлыг оновчтой удирдах, технологийн хөрөнгө оруулалт болон ажлын урсгалын шийдлүүдийг үр ашигтай сонгон нэвтрүүлэх талаар мэдээлэл, туршлага солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn