Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотноо 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Холбооны харилцаа холбооны хорооны (FCC) дарга Брендан Карртай уулзаж, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус уулзалтад АНУ-ын Холбооны харилцаа холбооны хорооны (FCC) талаас дарга Брендан Карр, Гадаад харилцааны дарга Томас Сулливан, Монголын талаас Монгол Улсаас АНУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, зохион байгуулалтын газрын дарга П.Баттөр, ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны аттеше н.Сүхбаатар, ХХЗХ-ны гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Очирпүрэв нар оролцов.

Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцаа холбооны салбарт тулгамдаж буй сорилт, асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд чиглэж байна.
Талууд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Радио давтамжийн спектрийн удирдлага, хуваарилалт болон бодлогын асуудал;
- Алслагдсан бүс нутаг болон хөдөө орон нутагт харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өргөн зурвасын сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх;
- 5G болон 6G зэрэг шинэ үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр туршлага, мэдлэг солилцох;
- Итгэмжлэгдсэн нийлүүлэгчид болон сүлжээний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллаж, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх;
- Бусад шинэ дэвшилтэд технологи, үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг судалж хэрэгжүүлэх.

Санамж бичгийн хүрээнд талууд мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн уулзалт, сургалт, зөвлөгөөн зохион байгуулах зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.