Харилцан холбооны зохицуулах хороо

Стратеги зорилтыг хангах үйл ажиллагаа, үр дүн

СТРАТЕГИ ЗОРИЛТЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

      “ХХЗХ-ны дунд хугацааны стратеги, 2022-2025 стратеги” нь Монгол Улсын Засгийн Газраас “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт институцийн томоохон өөрчлөлтийг хийж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан, салбарын эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтүүд орсноор харилцаа холбооны салбар бодлогын манлайллаар шат ахих боломж бүрдсэн, нөгөө талаас дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж, найдвартай, чанартай харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ нь өдөр тутмын амьдралаас салшгүй болж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэгцээ огцом нэмэгдсэн, энэхүү гэнэтийн хэрэгцээ, шаардлагыг хангах салбарт шинэ сорилт тулгарсан онцлог нөхцөл байдлын улмаас шинэчлэн батлагдсан.
       Түүнчлэн, энэхүү стратегийн баримт бичгээр, зохицуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай гол нөөцийг үр ашигтай удирдах, төлөвлөлтийг оновчтой болгох, гүйцэтгэлийн үнэлгээний системийг сайжруулах зэрэг хорооны чадамжийг сайжруулахтай холбоотой зорилгуудыг багтаасан онцлогтой.
        Стратегийн баримт бичиг нь тус хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны A/42 тоот тогтоолоор баталсан бөгөөд жилийн төлөвлөгөөний маягтыг шинэчилсэн стратегийн баримт бичигтэйгээ уялдуулан өөрчилж, 2023, 2024, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчилсэн маягтын дагуу төлөвлөн хэрэгжүүлсэн.
      “ХХЗХ-НЫ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ, 2022-2025 СТРАТЕГИ” баримт бичиг нь “Бид Харилцаа холбооны чанартай, дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчийг хүртээмжтэй хангах, оролцогч талууд харилцан үр ашигтай хамтран ажиллах зохицуулалтын тогтолцоог төгөлдөршүүлнэ.” гэх эрхэм зорилгын хүрээнд 6 стратеги зорилго, эдгээр зорилгыг нийтлэг хангах 25 зорилттойгоор тодорхойлогдсон.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

ХХЗХ-ны 2022-2025 оны дунд хугацааны стратегийн баримт бичгийн хүрээнд тодорхойлогдсон стратегийн 6 зорилго:

  1. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах тэгш, хүртээмжтэй харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлнэ.
  2. Харилцаа холбооны салбарт өрсөлдөөн, инновацийг дэмжиж, цахим үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлнэ.
  3. Харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Монгол хүн бүрт чанартай, хүртээмжтэй хүргэнэ.
  4. Зохицуулалтын үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэх.
  5. Санхүүгийн зохист харьцааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх.
  6. Байгууллага үнэ цэнэтэй капиталаа нэмэгдүүлэх замаар чадамжаа байнга дээшлүүлж, бүтээмж дэмжсэн суралцагч байгууллага болох.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 1. ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц нь дижитал эдийн засгийн үндэс суурь бөгөөд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оновчтой зохицуулалт шаардлагатай. Эдгээр зорилтын хүрээнд дараах төлөвлөлт, гүйцэтгэлийн үр дүнг дүгнэв:

ЗОРИЛТ 1.1. Сүлжээний бүсчилсэн топологи, сүлжээний үйлчилгээний газарзүйн ялгаваргүй тарифын зохицуулалт хэрэгжүүлэх

Сүлжээний багтаамж, хэрэглээ, өсөлтийг математик загварчлалын аргаар тооцоолж, таамаглалыг гаргасан. Мөн сүлжээний бүсчлэл, тарифын зохицуулалтад нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааг хийж, холбогдох баримт бичгийн төсөл, саналыг боловсруулсан. Гэхдээ энэхүү зорилтын хүрээнд шинээр зохицуулалтын шийдвэр буюу бодит хууль эрх зүйн акт батлагдаагүй тул хэрэгжилтийг "Хэсэгчлэн хэрэгжсэн" гэж үнэлсэн.

ЗОРИЛТ 1.2. Нээлттэй сүлжээний зарчим, дэд бүтэц хамтран ашиглах зохицуулалт хэрэгжүүлэх

Стратегийн хугацаанд нийт 9 ажил төлөвлөгдсөнөөс 68%-ийн гүйцэтгэлтэй ажилласан. Жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл хангагдсан боловч үндсэн зорилт болох нээлттэй сүлжээний зохицуулалтын бодит тогтолцоо бүрэн бий болоогүй тул уг зорилтыг "Хэсэгчлэн хэрэгжсэн" гэж дүгнэсэн.

ЗОРИЛТ 1.3. Шуудангийн харилцан холболтыг нэмэгдүүлэх, бүсчилсэн тогтолцоо нэвтрүүлэх замаар шуудангийн сүлжээний ашиглалтыг нэмэгдүүлэх

Стратегийн хугацаанд нийт 7 ажил төлөвлөгдсөн бөгөөд 2023, 2024 онд тус тус 100% гүйцэтгэсэн. 2025 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөг 100% биелүүлсэн тул энэхүү зорилтыг "Хэрэгжсэн" гэж үнэлсэн. Шуудангийн харилцан холболт, бүсчилсэн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр тавигдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн.

СТРАТЕГИ ЗОРИЛГО 2. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ӨРСӨЛДӨӨН, ИННОВАЦИЙГ ДЭМЖИН, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ХӨГЖИХ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ.

ЗОРИЛТ 2.1 Дараа үеийн холболт, харилцан холболтын зохицуулалт, нээлттэй сүлжээний зарчмыг нэвтрүүлэх

“Дараа үеийн холболт, харилцан холболтын зохицуулалт, нээлттэй сүлжээний зарчмыг нэвтрүүлэх” зорилтыг хангах хүрээнд 2023 онд 12 ажил 79%-ийн гүйцэтгэлтэй, 2024 онд 5 ажил 86%-ийн гүйцэтгэлтэй, 2025 онд 3 ажил төлөвлөгдсөн бөгөөд эхний хагас жил дуусах төлөвлөлттэй 1 ажил нь 30%-ийн гүйцэтгэлтэй буюу энэ зорилтын хувьд, нийт 20 ажил төлөвлөгдөн, 65%-ийн дундаж гүйцэтгэлтэй хэрэгжсэн. Гэвч уг зорилтод зохицуулалтын арга хэмжээ нь энэхүү стратегийн циклэд буюу 2023-2025 онд бүрэн хэрэгжих бололцоогүй бөгөөд шинээр батлагдах стратегийн циклэд дахин төлөвлөгдөх зорилт байна гэж гүйцэтгэлийн үнэлгээнээс дүгнэсэн. Иймд энэхүү стратегийн циклийн хүрээнд хийгдсэн судалгаануудад үндэслэн шинээр мөрдөгдөх стратегийн циклийн хүрээнд тавигдах зорилтыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн.

ЗОРИЛТ 2.2 Хязгаарлагдмал нөөц (Радио давтамж, Дугаар) -ийг үр ашигтай удирдаж, шинэ технологи, инновацийн хэрэгцээ, ил тод байдлыг хангах

“Хязгаарлагдмал нөөц (Радио давтамж, Дугаар) -ийг үр ашигтай удирдаж, шинэ технологи, инновацийн хэрэгцээ, ил тод байдлыг хангах” зорилтын хүрээнд, 2023 онд 10 ажил төлөвлөгдөж, 91%-ийн дундаж гүйцэтгэлтэй, 2024 онд 12 ажил 78%-ийн гүйцэтгэлтэй, 2025 онд 3 ажил төлөвлөгдсөнөөс эхний хагас жил дуусах төлөвлөлттэй 1 ажил 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү зорилтыг хангах хүрээнд, 2023-2025 оны хооронд нийт 25 ажил төлөвлөгдөж, 83%-ийн дундаж гүйцэтгэлтэй хэрэгжсэн байна. 2023 оны 10 ажлын хувьд, 2 ажил 25 сая төгрөгний төсөвт өртөгтэй төлөвлөгдсөнөөс 14.973 мян.төгрөгний гэрээний гүйцэтгэлтэй хэрэгжсэн байна. Дараах гол гарцуудын нөлөөгөөр зорилтыг хангасан гэж дүгнэсэн.  Үүнд:

1. ОСДҮ эрхлэх үйлчилгээнд ашиглах зурвасын нөөцийг УБ хотод 32MГц, Орон нутагт 48MГц-ээр нэмэгдүүлсэн;

2. 3300МГц-3400МГц, 3500 МГц-4000 МГц, нийт 600MГц өргөн зурвасыг утасгүй холбооны 5G технологийн зориулалтаар зарласнаас 3300МГц-3400 МГц, 3500 МГц-3900 МГц буюу 500MГц зурвасыг (Тусгай зөвшөөрөл) үүрэн холбооны зах зээлд үйлчилгээ үзүүлж байгаа 5 үйлчилгээ эрхлэгчид олгосон.

ЗОРИЛТ 2.3 Хэрэглэгчийн сүлжээ, төгсгөлийн төхөөрөмжийн нэгдсэн стандарт хэрэгжүүлэх замаар хэрэглэгчийн сонголтыг чөлөөтэй болгох

“Хэрэглэгчийн сүлжээ, төгсгөлийн төхөөрөмжийн нэгдсэн стандарт хэрэгжүүлэх замаар хэрэглэгчийн сонголтыг чөлөөтэй болгох” зорилтын хувьд 2023 ажил төлөвлөгдөөгүй, 2024 онд 3 ажил төлөвлөгдөн бүрэн хэрэгжсэн бол 2025 онд 1 ажил төлөвлөгдсөн. “Байгууллагын (corporate) интернэт хэрэглэгчийн онцлог, хэрэгцээ шаардлагын талаар судалгаа”-ны ажил нийлүүлсэн байна. Хэрэгжсэн ажлууд нь судалгаа хийж танилцуулах, бэлтгэл хангах ажлууд төлөвлөгдөн, хагас хэрэгжсэн бөгөөд тодорхой зохицуулалтын шийдвэр гараагүй учир зорилтыг бүрэн хангаагүй учир ХЭСЭГЧЛЭН ХЭРЭГЖСЭН гэсэн дүгнэлтийг хийхээр байна.

ЗОРИЛТ 2.4 ӨН-ийн хараат бус нээлттэй байдлыг хангах, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх зохицуулалт хэрэгжүүлэх

“ӨН-ийн хараат бус нээлттэй байдлыг хангах, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх зохицуулалт хэрэгжүүлэх” зорилтын хувьд 2023 онд 5 ажил төлөвлөж 100%-ийн гүйцэтгэлтэй, 2024 онд 6 ажил төлөвлөгдөж, 100%-ийн гүйцэтгэлтэй, харин 2025 онд 5 ажил төлөвлөгдсөнөөс эхний хагас жил дуусах төлөвлөлттэй 3 ажил 100%-ийн гүйцэтгэлтэй байна. Хэдийгээр зорилгын хүрээнд төлөвлөгдсөн бүх ажлууд төлөвлөгдсөн хэдий ч нэг талаасаа ихэвчлэн нийтлэг хийгдсэн бөгөөд нөгөө талаасаа хэрэгжсэн, хэрэгжээгүй гэж дүгнэх боломжгүй буюу байнга үргэлжлэх шинжтэйгээр зорилтыг томьёолсон байна гэж үзээд, дүгнэх боломжгүй гэж үнэлсэн.

ЗОРИЛТ 2.5 Шуудангийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх

 “Шуудангийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх” зорилтын хувьд, 2023 онд 2 ажил 100%-ийн гүйцэтгэлтэй, 2024 онд мөн 2 ажил 100%-ийн гүйцэтгэлтэй, 2025 онд 3 ажил төлөвлөгдсөнөөс эхний хагас жил дуусах төлөвлөлттэй 1 ажил 100%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн. Уг зорилтыг бүрэн хэрэгжсэн гэж дүгнэх боломжгүй хэдий ч жил бүрийн гүйцэтгэлээр зорилтыг хангах чиглэлээрх ажлуудын гүйцэтгэл бүрэн хангагдсан ч стратегийн зорилтыг ХЭСЭГЧЛЭН БИЕЛСЭН гэсэн дүгнэлтийг хийлээ.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 3. ХАРИЛЦАА ХОЛБОО, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНАРТАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛНЭ.

ЗОРИЛТ 3.1. Харилцаа холбооны үйлчилгээний чанарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх

Стратегийн хугацаанд жилийн төлөвлөгөөний дагуу ажлууд хэрэгжсэн, 2023 онд  интернэтийн чанар, хурдыг олон улсын стандартын дагуу хэмжих боломжийг бүрдүүлсэн. Гэвч "Чанарын хяналтын нэгдсэн тогтолцоо" гэсэн ойлголтод нэгдсэн дүгнэлт гаргаагүй тул энэхүү зорилтыг хэрэгжсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Ирээдүйд энэ чухал зорилтыг төслийн зарчмаар нарийвчлан төлөвлөх шаардлагатай.

ЗОРИЛТ 3.2. Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын тогтолцоонд лабораторийн баталгаажуулалт нэвтрүүлэх ЗОРИЛТ 3.3. Үндэсний радио долгионы хяналтын үйл ажиллагааг бүсчилсэн тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэх

Лабораторийн баталгаажуулалт нэвтрүүлэх, радио долгионы хяналтыг бүсчлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд төлөвлөсөн ажлуудыг жил бүр 100%-ийн гүйцэтгэлтэй хангасан. Тухайлбал, 2023 онд 26.3 сая төгрөгийн ажил гүйцэтгэгджээ. Гэсэн хэдий ч эдгээр нь гадаад хүчин зүйлээс хамааралтай төсөл бөгөөд эхний төлөвлөгөөний хувьд хэт өөдрөг байсан тул зорилтыг "Хэсэгчлэн хэрэгжсэн" гэж үнэлсэн. Гэхдээ зорилт дэвшүүлсэн үеийнхээс ахиц дэвшил гарсан нь тодорхой байна.

ЗОРИЛТ 3.4. Шуудангийн нэгдсэн кодыг хэрэглээнд төлөвшүүлэх

Шуудангийн нэгдсэн кодыг хэрэглээнд төлөвшүүлэх ажлуудыг жил бүр төлөвлөж, 75-100%-ийн гүйцэтгэлтэй ажилласан. Энэхүү зорилт нь стратегийн шинжтэйгээсээ илүү хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэгтэй ажлууд байсан тул зорилтын томъёолол оновчгүй байсан ч гүйцэтгэлийн тайлангаар үндсэн үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэн "Хэрэгжсэн" гэж дүгнэсэн.

ЗОРИЛТ 3.5. Өргөн нэвтрүүлгийн орчинд үндэсний дархлааг хамгаалах, олон нийтийн нийтлэг эрх ашиг, үзэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ЗОРИЛТ 3.6. Цахим орчинд хүүхдийн эрх, олон нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаалах

Өргөн нэвтрүүлгийн орчинд үндэсний дархлаа хамгаалах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр төлөвлөгөөний ажлуудыг 100%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн. Тухайлбал, үндэсний агуулгын цагийг нэмэгдүүлэх, шилдэг нэвтрүүлгийг урамшуулах, мөн "ekids.mn" цахим орчинд хүүхэд хамгааллын модуль нэмэх зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Эдгээр нь чиг үүргийн шинжтэй тул "Хэрэгжсэн" гэж үнэлгээ өгсөн.

ДӨРӨВ. ДҮГНЭЛТ

Нэгтгэн дүгнэвэл, “ХХЗХ-НЫ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ, 2022-2025 СТРАТЕГИ”-д Стратегийн баримт бичгийн хүрээнд, тодорхойлогдсон 25 зорилтоос 10 зорилт ХЭРЭГЖСЭН, 6 зорилтыг ДҮГНЭХ БОЛОМЖГҮЙ, 9 зорилт нь ХЭСЭГЧЛЭН ХЭРЭГЖСЭН байна. Стратегийн баримт бичигт тусгагдсан стратегийн зорилго, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэхдээ харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний зах зээлд стратегийн зорилтуудын хүрээнд авч хэрэгжүүлсэн зохицуулалтын шийдвэр гарсан эсэхийг чухалчлан авч үзэв.

Иймд “ХХЗХ-ны дунд хугацааны стратеги, 2022-2025” баримт бичиг, түүний хэрэгжилтийг хангах оролдлого, санаачлагын хувьд, стратегийн баримт бичгийг боловсруулсан багийн зорилго, зорилтуудын талаар нэгдсэн ойлголтой байх зорилгоор нийт ажилтнуудад хийсэн сургалт, жилийн төлөвлөлтийг стратеги зорилтод маягтаар чиглүүлэх оролдлого хийсэн, улмаар стратеги удирдлагын талаарх байгууллагын ойлголтыг нэмэгдүүлсэн, 2026-2030 онд хэрэгжих стратегийн баримт бичиг боловсруулахдаа сайн орц болох, цаашид байгууллагын стратеги удирдлага нийтлэг жишгээр хэрэгжих алхам болсон зэрэг сайн талууд байгаа хэдий ч ХХЗХ-ны дунд хугацааны стратегийн хэрэгжилтийг бүрэн хэрэгжсэн гэсэн дүгнэлт өгөх боломжгүй байна. Шалтгаан нь стратегийн баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, үр дүнд хүрэхэд шаардлагатай хугацаа хангалтгүй байсан, өөрөөр хэлбэл стратегийн баримт бичгийн хэрэгжилт нь 3 жилийн хугацаатай байсан бөгөөд цаашид стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацааг 5 жилээр төлөвлөж, тавьсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх, дараа дараагийн зорилтуудыг дэвшүүлэх суурь, үндэслэл болох ёстой гэж дүгнэж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 239 тоот тогтоолоор "2026-2030 он стартеги" баримт бичгийг шинэчлэн баталсан бөгөөд уг баримт бичгийн хүрээнд тодорхойлогдсон 7 стратегийн зорилт, 39 зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, харилцаа холбооны чанартай, дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчийг хүртээмжтэй хангах, харилцан үр ашигтай хамтран ажиллах, ил тод, уян хатан зохицуулалтын тогтолцоог төгөлдөршүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Зохицуулалтын стратеги, төлөвлөлтийн хэлтэс 
Хэлтсийн дарга Г.Мөнхтулга
Утас: 11-304258

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email