Харилцаа холбооны зохицуулах хороо нь НҮБ-ын Хүүхдийн Сан, Тэсо групптэй хамтран хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төслийн хүрээнд хүүхэд, эцэг эх, багш, сургалтын байгууллагын ажилтанд цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах цогц мэдлэг олгох багц сургалтын модулийг боловсруулаад байна.

Багц сургалтын модуль нь хүүхдэд зориулсан 13, эцэг эх, асран хамгаалагчид зориулсан 5, багш, сургалтын байгууллагын ажилтанд зориулсан 5 нийт 23 хичээлтэй. Модуль бүрийг заах сургагч багш зориулсан гарын авлага болон хичээл бүрийн агуулга бүхий видео контенттой.

Тус багц сургалтын модулиар хүүхэд, эцэг эх, багш, сургалтын ажилтанд хичээл заах сургагч багш бэлтгэх арга зүйн сургалт өнөөдөр /2025.11.28/ Галларей Улаанбаатар төвийн Өргөө танхимд зохион байгууллаа.

Сургагч багш бэлтгэх сургалтад Нийслэлийн 9 дүүргийн 30 нийгмийн ажилтан, багш ажилтан хамрагдаж байна. Эдгээр сургагч багш нар цаашид багц сургалтын модулийг өөрийн сургуулийн сурагчид, тэдгээрийн эцэг эхчүүд болон багш нарт сургалт зохион байгуулах чухал үүрэг гүйцэтгэх юм.


Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Ян Му, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд нар нээж үг хэллээ.


