Шинэчлэгдсэн: 2022/01/14


Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА


Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс “Цахим Соёл” аяныг эхлүүлсэн. Тус аян хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн Э.Энхтуяатай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. ХХЗХ, ЦЕГ хамтран “Цахим Соёл” аяныг хэрэгжүүлж эхлээд байна.  Энэхүү аяны талаарх мэдээлэл, ач холбогдол, үр нөлөөний талаар өнөөдрийн ярилцлагаа эхэлье

Ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Танай сайтаар дамжуулан нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе!

Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд цахим орчинд зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, үйлдэгдэж болох аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 03-аас “Цахим Соёл” аяныг сарын хугацаатай эхлүүлээд байна.  Тус аян иргэд, олон нийтэд цахим орчны зүй зохистой хэрэглээний болон хууль эрх зүйн талаар мэдлэг, мэдээлэл өгөх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалсан ээлтэй орчин бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн олон талын чухал ач холбогдол, үр нөлөөтэй гэж харж байгаа.

Бид энэ аяны хүрээнд хувь хүмүүс өөрийн мэдээллийг цахим орчинд хэрхэн хамгаалах, цахим орчинд оролцохдоо юуг анхаарах шаардлагатайг, мөн цахим орчинд хүүхэд залуучууд адилхан оролцогч байгаа шүү тэдний сэтгэлзүйн болон бусад аюулгүй байдлын эрсдэлийг тооцох, анхаарах хэрэгтэй гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорилго болгосон. Энэ талаарх мэдээлэл, видео шторкийг телевиз радио, веб сайт, замын самбар гэх мэт боломжит бүхий л хэлбэрээр олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.

Монгол Улсын цахим хэрэглээний нөхцөл байдал ямар байгаа талаар болон аюулгүй, ёс зүйтэй цахим хэрэглээг бий болгоход юуг илүү анхаарах ёстой вэ?

Мэдээллийн технологи, интернэтийн хэрэглээ нь хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон байна. Харилцаа холбооны 2021 оны статистик мэдээнээс харахад манай улсын иргэдийн интернэт хэрэглээний тухайд бид өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээтэй ижил түвшинд байна. Гэвч бид хүүхдийн цахим хэрэглээ болон Фейсбүүк платформын хэт их хэрэглээг анхаарч үзэх шаардлагатай байна. Фейсбүүкийн Монгол Улсын нэг сарын идэвхтэй хэрэглэгч нь 2.2 сая бөгөөд энэ нь Фейсбүүк компанийн тухайн улсын хүн амтай харьцуулсан үзүүлэлтээс харахад өндөр хэрэглээнд ордог. АНУ-ын боловсролын газраас 2019 онд гаргасан судалгаагаар дэлхийн нийт 3-18 насны хүүхдийн 95% нь ямар нэгэн байдлаар интернет хэрэглэгдэг гэсэн судалгааг хийсэн байсан. Тэгэхээр ийм өндөр үзүүлэлтэй хэрэглээний явцад гэмт этгээдүүд цахим орчинг ашиглаж хүүхдийн мэдээлэл олж авч, харьцаа тогтоож улмаар хяналтдаа оруулж гэмт хэрэг үйлдэж байгаа бөгөөд цахим гэмт хэргийн хохирогч болж буй хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг цахим гэмт хэрэг сүүлийн 5 жилийн байдлаар Европын Холбооны зарим улсад 50-аас 200 хувиар өссөн, Интерполын судалгаагаар жилд 18000 хүүхэд энэхүү гэмт хэргийн хохирогч болж байна.Монгол Улсад мөн энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж байна.

 ХХЗХ-с хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь Фейсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их буюу 237 минут байна. Судалгаанд оролцогчдын 57% нь үе тэнгийнхний цахим дарамт их байдаг гэж хариулж байгаа бол үлдсэн 43% нь үл таних хүний цахим дарамт их байдаг гэж хариулжээ. Эндээс харахад өсвөр насныхан дунд цахим дарамт, цахим гадуурхлын асуудал нэлээн өндөр түвшинд байгаа нь харагдаж байна.

Иймээс бид үндсэн 3 чиглэлээр цахим орчны зохицуулалтын хэрэгжүүлэх шаардлагатай байна. 1-рт цахим орчны хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, үүнд цахим орчны хурдтай тархах нөхцөл байдлыг анхаарч үзэх, 2-рт энэхүү цахим орчны хууль эрх зүйн орчныг дагасан технологийн боломжийг бий болгох, үүнд интернэтийн үйлчилгээ эрхлэгч нарын үүрэг голлох, 3-рт цахим орчны зүй зохистой хэрэглээ, цахим орчинд хэрхэн аюулгүй үр ашигтай оролцох талаарх сургалт семинарыг хүүхэд залуучууд, олон нийтийн дунд тогтмол зохион байгуулах, үүнд төрийн байгууллагууд  илүү идэвхтэй манлайлал үзүүлж, мөн төрийн бус байгууллагуудыг татаж оролцуулах нь зүйтэй юм. 

Монгол Улсын Засгийн газраас 2020 онд “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлж,  цахим засаглалын суурийг бэхжүүлэх, хууль эрх зүйн цогц орчин бүрдүүлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх томоохон ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ. Тэгэхээр олон улсын жишгийн дагуу олон нийтийн эрх ашгийн эсрэг, хүүхэд залуучуудын хүмүүжил ёс суртахуунд сөрөг нөлөөтэй, гэмт хэрэгт уриалан дуудсан агуулгатай хууль бус онлайн контентыг хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөг хөндөлгүйгээр зохицуулдаг тогтолцоог боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Цахим орчны өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь эерэг болон сөрөг үр дагавруудыг дагуулж байдаг. Тэр дундаа хүүхдүүд цахим орчинд  гадуурхал, дарамтад өртөх, гэмт хэргийн золиос болох тохиолдлууд ч бүртгэгдсээр байна гэж та хэллээ .Энэ чиглэлээр бодлого, зохицуулалт болон урьдчилан сэргийлэлт хяналт зохицуулалт хэрхэн хийгддэг вэ?

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт  Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана гэж заасан байдаг. Тус чиг үүргийн хүрээнд дээрх 2 байгууллага судалгаа шинжилгээ хийх, мэдлэг мэдээлэл түгээх, зохисгүй агуулга бүхий контентоос хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, технологийн зохицуулалт хийх чиглэлээр хамтран ажилладаг.Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нэлээн дэмжлэг үзүүлэн ажилладаг.

ХХЗХ нь аливаа онлайн контентын агуулгыг хууль зөрчсөн эсэхийг тогтоохгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх  боломжтой бол харин эрх бүхий буюу ЦЕГ, ОӨГ, МХЕГ, ШӨХТГ гэх мэт байгууллагууд нь холбогдох тус бүрийн хуулийн дагуу тухайн контентыг хууль зөрчсөн эсэх талаар хяналт шалгалтын эрх үүргийг хэрэгжүүлдэг.

Харин хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд ашигласан, хүүхдийг амиа хорлох эсвэл өөрийгөө гэмтээх зэрэг зан үйлд өдөөн турхирсан, аюул занал, хүчирхийллийг сурталчилсан агуулгатай контентын талаар холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр дүгнэлт шаардахгүйгээр ХХЗХ нь яаралтайгаар технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цахим орчны хүүхэд хамгаалал чиглэлээр төрөлд бүрийн арга хэмжээг  хэрэгжүүлж байна. Жишээлбэл  www.ekids.mn веб сайтыг хүүхэд залуучууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулан ажиллуулж ирсэн. Цахим орчны хүүхэд хамгааллын www.ekids.mn веб сайт дээр хүүхдийн насны хязгаараар гаргасан цахим орчны зөвлөмж, мөн эцэг эхчүүд болон багш нарт зориулсан цахим орчны төрөл бүрийн зөвлөмжүүд байдаг тул энэхүү сайтаар орж мэдээллийг аваарай гэж зөвлөж байна. Ялангуяа сүүлийн үеийн хүүхдүүдийн хэрэглээ болсон “TikTok”, “Youtube”, “Instragram” зэрэг апп-ууд, мөн “Minecraft”, “PUBG” зэрэг тоглоомуудад юуг анхаарах тухай заасан сургалтын постеруудыг татаж авч хэрэглэх бүрэн боломжтой юм. Одоогийн байдлаар энэхүү веб сайтын нэг өдрийн хандалтын тоо дунджаар 50 орчим байгаа нь хангалтгүй хэмжээнд байгаа тул олон нийтэд хүргэх ажлыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын чиг хандлага ямар байдаг вэ, эдгээрээс ямар туршлагуудыг манай оронд хэрэгжүүлж байна вэ? Мөн таны сая дурдсан нөлөөллийн арга хэмжээнүүд хэр үр дүнтэй байгаа вэ?

Цахим орчны хүүхэд хамгаалал чиглэлээр төрөл бүрийн хөтөлбөр, сургалт нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэхээс гадна технологийн арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Жишээлбэл Австрали улсын жишээг харахад цахим орчинд хүүхдийн насны онцлогт тохирсон хяналт хэрэгжүүлэх боломжийг олгож эцэг эхийн хяналтын программ хангамжийг ашигладаг туршлага байна. Мөн хууль бус контентыг хязгаарлах талаар интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгодог БНСУ-ын жишээ байна. 

ХХЗХ, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран  “Бид Хамгаална” (WeProtect) хөтөлбөрийн хүрээнд  “Эцэг эхийн цахим хяналтын программ хангамж”-ийн монгол хэл дээрх хувилбарыг хийж эцэг эхчүүдэд хүргээд байна. Энэхүү программ хангамж нь андройд болон “Windows” төхөөрөмжид зориулсан хувилбараар хийж гүйцэтгэсэн бөгөөд хүүхдийн “Аппликейшн” болон “интернэт”-ийн хэрэглээнд хяналтыг тавих боломжийг эцэг эхчүүдэд олгох юм.

Энэхүү программ хангамж нь 1-рт интернэт болон аппликейшнийг хэрэглэх цагийн хязгаарлалтыг тогтоож өгөх, хориглох боломжтой 2-рт интернэтийн агуулгад түлхүүр үгээр хязгаарлалт хийх, мөн домэйн нэрээр хандалтыг хязгаарлах боломжтой байна. Эцэг эхчүүд хяналтын веб сайтаар дамжуулан аппликейшн болон интернэтийн хяналтыг хэрэгжүүлж, хүүхдийнхээ гар утасны болон цахим хэрэглээний мэдээллийг хянах боломжтой. Та бүхэн тус системийг www.parental.ekids.mn сайтад хандаж татаж авч, ашиглаарай.

Parental Control буюу Эцэг эхийн шүүлтүүрийн энэ программыг ашиглан эцэг, эх асран хамгаалагчид хүүхдийнхээ интернэт хэрэглээ болон сайт, гар утасны аппликейшны хандалтын хязгаарлалтыг тохируулах замаар цахим орчинд хүүхдээ хүсээгүй контентод өртөхөөс хамгаалах, хүүхэд багачуудад цахим орчны зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх боломжтой бөгөөд энэ нь эцэг эх болон хүүхдийн цахим орчны хэрэглээний найдвартай туслагч болно гэдэгт итгэлтэй байна.

Харин “Apple” төрлийн ухаалаг төхөөрөмж нь хязгаарлагдмал горимтой учраас уг системийн өөрийн “Screen Time”-ийг идэвхжүүлж аюулгүй горимоор ажиллуулах нь зүйтэй юм.

Цахим орчны зөв зохистой хэрэглээг сурталчилсан олон аян, компанит ажлууд өмнө нь хийгдэж байсныг бид мэднэ. Энэ удаагийн “Цахим Соёл” аян мөн адил хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэж байна гэж ойлгож болох уу?

Тус хорооноос бие дааж болон ЦЕГ бусад байгууллагатай хамтран “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал үндэсний суурь судалгаа”-г хийж, судалгаанд үндэслэн “Миний гэр-Аюулгүй орчин”, “Цахим орчныг зохицуулах хэрэгтэй юу?” “Цахим орчны гадуурхал” зэрэг сэдэвт хүүхдэд зориулсан нөлөөллийн арга хэмжээнүүд болон “Цахим орчин зөв болГоё”, “Unfriend”  зэрэг олон нийтэд зориулсан нөлөөллийн маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд эдгээр арга хэмжээнүүд нь тодорхой үр дүн өгсөн гэж үздэг. 2021 онд НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран цахим орчин дахь хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан агуулга бүхий зураг, дүрс бичлэгийн талаар олон улсын IWF (Internet Watch Foundation) байгууллагад мэдээлэл өгч хандалтыг хязгаарлах, устгуулах репортын системийг www.ekids.mn веб сайтад нэмж өгсөн бөгөөд 2021 онд нийт 82 репортыг хүмүүс хийсэн гэсэн үзүүлэлтэй байна.

Энэ удаагийн “Цахим Соёл” аян ч мөн  адил цахим орчинд  хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн болон зөвлөгөө, мэдээ, мэдээлэл өгөх, зөв хэрэглээ, дадлыг сурталчлан таниулахад түлхүү анхаарна.

Цахим орчин бол 8 настай балчраас 80 настай буурай хүртэл хүн бүр оролцдог нийтийн орчин бөгөөд энэ орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Төрийн байгууллагын идэвхтэй ажил, арга хэмжээнээс гадна  дээр дурдсан бэлэн материалыг ашиглаад тухайлбал бүх шатны багш нар Мэдээллийн цагаараа сар, улирал тутам ангидаа цахим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зөвлөгөө өгөх, 20 минутын яриа хийх эцэг эхчүүд мөн чөлөөт цагаараа эдгээр зөвлөгөө мэдээлэлтэй танилцаж хүүхэдтэйгээ ярилцах зэрэг ажлууд нь үр дүнд хүрэх юм.

Бидний Үнэт зүйл болсон хүүхдээ хамгаалахад хүн бүрийн санаачилга, сэтгэл хэрэгтэй байна. Цахим орчинд томчууд бид нартай цуг хүүхдүүд байдаг тул ёс зүйтэй оролцож,  хүүхдийн эрхийг хүндэтгэн, соёлтой хэрэглээг бий болгохыг уриалж байна.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо