Махны үнэ өсөж байхад манай үнэ буурсаар л байна
ХХЗХ

 “Өнөөдөр” сонин энэ удаагийн редакцын уулзалтаараа мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын асуудлыг хөндөж ярилцлаа. Редакцын уулзалтад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, “Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ, “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Ц.Батсайхан нар оролцов.

 

-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Ярилцлагаа Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар өнгөрсөн онд юуг зорьж ажиллаж, ямар үр дүнд хүрэв гэсэн асуултаар эхэлье.

Ц.Ж: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар 2013 оныг богц дүүрэн олзтой үдлээ гэж дүгнэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын хийхээр төлөвлөж байгаа, хийсэн бүхий л ажлын цаана Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар байсан гэж хэлж болох байх.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-нд манай салбарынхан 2013 оны стратегийн долоон зорилтоо зарлаж байсан юм.

Нэгдүгээрт, Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сансрын үндэсний зөвлөл байгуулж, дэлхийд салбартаа “толгой цохиж” байгаа 10 гаруй компанийг урьж авчран харилцаа холбооны болон тандан судалгааны хоёр хиймэл дагуулын асуудлаар хамтран ажиллахаар болж, бичиг баримтаа боловсрууллаа. Одоогоор ҮАБЗ-д хүргүүлээд, шийдлээ хүлээж байна. Олон улсад paper satellite (цаасан хиймэл дагуул) гэж үүнийг нэрлэдэг. Ингэснээр хиймэл дагуул хөөргөх ажлын 80 хувийг хийчихлээ гэж үздэг. Тиймээс Монголын paper satellite хөөрчихсөн, үйл ажиллагаагаа эхэлсэн гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, төрийн түгжрэлгүй үйлчилгээ. Урьд нь өрх бүрийг компьютержүүлэх хөтөлбөр, цахим засаглал, бүх суманд шилэн кабель татах зэрэг олон ажлыг хийж, дэд бүтцийг нь хөгжүүлсээр ирсэн. Тэдгээрт суурилж төрийн үйлчилгээг иргэнд яаж хурдан хүргэх вэ гэдэг дээр бид ажиллаж байгаа. Эхний бүтээгдэхүүн болох төрийн үйлчилгээний цахим машины (ТҮЦ машин) эхний ээлжийг 2013 оны зургадугаар сард ашиглалтад оруулсан. Одоогийн байдлаар 21 аймаг, Улаанбаатар хотын 17 цэгт ийм машин ажиллаж байна. Иргэний бүртгэлээс эхл үүлээд олон нэгжийн өдөр тутам хэрэгцээтэй байдаг лавлагаа мэдээллүүдийг ТҮЦ машинаар өгөөд эхэлчихсэн. Энэ бол мэдээллийн технологид суурилан, төрийн үйлчилгээг хүргэхэд гарсан маш том ахиц юм.

Гуравдугаарт, төрийн түгжрэлгүй үйлчилгээг иргэнд хүргэхийн тулд өрхийн интернэтийг хямдруулах, тэр дундаа орон нутагт хоёр дахин хямдруулж, хурдыг нь тогтвортой түвшинд аваачихыг зорьсон. Энэ зорилт бодит ажил хэрэг болж, 21 аймагт хэрэгжсэн. Эцсийн хүргэлтийг “Монголын цахилгаан холбоо” компани бие дааж гүйцэтгэсэн.

Дөрөвдүгээрт, Телевизийн тоон системд шилжих шинэчлэлийг эхлүүлэх ажлыг бас нэг том зорилтоо болгож тодорхойлсон. 2014 оны долдугаар сарын 31-нд тоон технологид шилжихээр зэхэж буй учраас 2013 онд нийт 89 сум, суурин газарт дахин дамжуулах станц шинээр байршууллаа. Одоогийн байдлаар дээрх газруудад тоон системийг туршилтаар цацаад эхэлчихсэн. 2014 онд үлдсэнийг нь суурилуулна.

Тавдугаарт, оюуны чадавхитай, өндөр цалинтай, ажлын байртай хүний нөөцийн асуудлыг зорилтоо болгож тавьсан. Монголчууд сүүлийн үед мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай нэлээд ярьж буй. Энэ зүгт явахын тулд хүний нөөцийг чадавхижуулах ёстой юм байна. 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан. Түүгээр бид мэдлэгт суурилсан эдийн засаг гэж юу юм бэ, бидний зах зээл хаана байна вэ, ямар боломж байна, программ хангамж үйлдвэрлэгчид ямар түвшинд байна, оюуны өмчийг хэрхэн үнэлж байна, ингэхийн тулд төрөөс яаж дэмжих вэ зэрэг асуудлыг хөндөж, шийдэх арга замаа төлөвлөсөн. Старт-ап буюу гарааны нөхцөл гэж байдаг. Тэр зарчмаар төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм байна гэж үзээд үндсэн таван чиглэлийг сонгосон. Эдгээр нь жижиг, дунд үйлдвэрлэлийн санд программ хангамж үйлдвэрлэгчдийг хамруулах, Шинжлэх ухаан, технологийн санд программ хангамжийн төслүүдийг багтаах, Японы хоёр үе шаттай зээлд программ хангамжийн компаниудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, төрийн өмчит компаниудад шаардлагатай программ хангамжуудыг дотооддоо үйлдвэрлэх, оюуны өмчийг нь барьцаалж, зээл олгодог болох зорилтууд юм.

Зургадугаарт, хүний нөөцдөө суурилаад дэлхийн стандартын e-бүтээгдэхүүн гаргах зорилт тавьсан. Монголын бүтээгдэхүүн гэхээр л заавал эсгий, арьс шир, ноос ноолуур байх албагүй шүү дээ. Хүний оюунаар бүтээгдсэн программ хангамжийн бүтээгдэхүүнийг бид яагаад хийж болохгүй гэж. Санхүүгийн программ, ойр зуурын хэрэглээний аппликэйшн зэргийг тодорхой хэмжээгээр үйлдвэрлэж байгаа ч олон улсын стандартад нийцсэн барьцтай бүтээгдэхүүн гаргахыг зорих ёстой. Бид судалгаа хийгээд, энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Сан Францискогийн “Silicon valley”-д Монголын анхны компанийг гаргая гэж ярьж байна.

Долдугаарт, бид мэдээллийн технологид суурилсан шуудангийн шинэчлэлийг хийхээр шийдсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 50 тэрбумын багцаас 1.9 тэрбум төгрөгийг энэ салбарт олгосон юм. Смарт бокс буюу ухаалаг шуудангийн хайрцгийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд хаягжуулалт бүрэн шийдэгдээгүй учраас шуудангийн хүргэлт, хайрцгийн асуудал бэрхшээлтэй байдаг. Олон улсад ийм асуудлыг смарт боксоор шийддэг. Бүх нийтээрээ ашиглаж болох давуу талтай. Тодруулбал, шуудангийн нэг цэгт тавин нүд байна. Илгээмжээсээ хамаараад том, жижиг янз бүр. Тухайн хэрэглэгчид шуудан, илгээмж ирсэн тухай мэдээлэл, нэвтрэх нууц дугаарын хамт гар утсанд тань ирнэ. ATM шиг сканаар нууц дугаараа хийж, илгээмжээ аваад хайрцгаа хаачихна. Тэгэхээр тэр хайрцгийг өдөртөө хэдэн ч хүн хэрэглэж болно гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд 18 цэг, Дархан, Эрдэнэтийнх нийлээд нийт 20 цэгт ийм смарт боксын үйлчилгээг энэ сарын 20-доор нэвтрүүлнэ. Үүнийг дан ганц “Монгол шуудан” компани биш, Монгол Улсад шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаа бүхий л компани ашиглах боломжтой. Ингэснээрээ бид шуудангийн хэрэглээг нэмэгдүүлэн, арай өөр түвшинд аваачих шинэ алхам хийж байгаа юм.

Ж.Б: -Өнгөрсөн хугацаанд “Монголын цахилгаан холбоо” компани 1200-гаад ажилтантайгаар Монгол Улсын сум, суурин газруудад дөрвөн төрлийн үйлчилгээ хүргэж ирлээ. Тэдгээрийн дунд уламжлалт суурин утасны үйлчилгээ чухал байр суурь эзэлдэг. Түүнээс гадна кабелийн телевизийн үйлчилгээг зарим аймагт хүргэдэг. Монголд интернэтийн үйлчилгээг орон нутаг, сумдад хүргэж байгаа цорын ганц компани гээд хэлчихэд буруудахгүй байх. Түүнчлэн лавлах үйлчилгээний анхны бизнесийг манайх эхлүүлсэн түүхтэй. Энэ бол 109 буюу өнөөгийн 1109 юм. Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын “Korea Telecom”- ын хамтарсан хувьцаат компани хэлбэрээр 1995 онд байгуулагдсан. “Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувь нь “Korea Telecom”-ынх, 54 хувь нь Монголын Засгийн газрынх.

2013 онд уламжлалт бизнесийн бууралтыг сааруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажил зохион байгууллаа. Засгийн газартай хамтраад интернэтийн үйлчилгээг орон нутагт идэвхжүүлэхийн тулд үнэ тарифыг багасгах, хүчин чадлыг өсгөх гэсэн хоёр үндсэн чиглэлээр ажилласан. Өнгөрсөн хугацаанд бид 128 кбит/с хурдтай интернэтийн үйлчилгээг 20 мянган төгрөгөөр хүргэдэг байсан бол өнөөдөр 600 кбит/с хурдтай интернэтийг 16 мянган төгрөгөөр хүргэж байгаа. “Монголын цахилгаан холбоо” компанийн интернэтийн үйлчилгээ аналоги технологид суурилдаг учраас гол төлөв хөдөө орон нутагт чиглэдэг.

Хоёрдугаарт, “Монголын цахилгаан холбоо” компани шинэ бизнесийн модель гаргаж ирэх, бизнесийн шинэ зах зээл эрэлхийлэх томоохон зорилттой байлаа. Засгийн газар, “Korea Telecom” хамтраад Монгол Улсад 4G буюу LTE-ийн бөөний урсгалын сүлжээ байгуулах томоохон төслийн судалгааны ажлыг өнгөрсөн сарын 15-нд хийж дуусгасан. Үүгээр Монгол Улсын одоогийн зах зээл, хэрэглэгчийн судалгаа болон хэтийн төлөв гээд олон асуудлыг тодорхой болгосон гэж хэлж болно. Энэ ажлыг хийж дуусгаад, түнш байгууллагатайгаа санамж бичиг байгуулж, томоохон судалгаа хийснээ Засгийн газарт танилцуулаад явж байна. LTE гэдэг бизнесийн загвар нь өнөөдрийн 3G хурдыг 100 дахин өсгөх боломжтой дэд бүтцийн томоохон сүлжээ юм. Нөгөө талдаа энэ нь зөвхөн шилэн кабельд тулгуурлахаас гадна агаарын давтамжаар дамжих сүлжээ болох учиртай. Агаар, шилэн кабелийг яагаад зэрэгцүүлэх шаардлагатай вэ гэхээр шилэн кабелийн дэд бүтэц цэгээс цэгт дамжиж байдаг бол агаарынх илүү өргөн хүрээнд дамждаг. Ерөнхий багтаамжаараа энэ төсөл нэг тэрбум орчим ам.долларын өртөгтэй. “Korea Telecom”-ынхон 406 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн.

-Энэ оныг танай салбар Эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласан. Ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Ц.Ж: -Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт тулгамдаад буй нэг асуудал нь бидний үйл ажиллагааг зохицуулдаг эрх зүйн орчин дутмаг, бидний өөрийн гаргасан журам, дүрмийн хүрээнд байсаар байна. Хууль гэхэд хоёр гуравхан байгаа. Мэдээллийн технологи амьдралд хэрэглээ болоод эхлэхээр олон төрлийн харилцааг зохицуулах шаардлага үүсч байна. Тиймээс бид шинэ хуулиудыг яаралтай өлгийдөж авах хэрэгтэй боллоо. Жишээлбэл, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль. Телевизүүдийн тоо өсөөд байна, контент болохгүй байна, зөвшөөрөл олшроод байна гэж ярьдаг. Үйл ажиллагаа, бодлого зорилт, чиг хандлагыг нь Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргасан журмаар л зохицуулдаг. Журмынх нь хамрах хүрээ хязгаарлагдмал, эрх зүйн чадамж нь сул байдаг. Хүний эрхийн тухай ярьдаг мөртлөө интернэтийн орчин дахь хүний эрхийн тухай огт хөнддөггүй. Сэтгэгдэл, хандалт тойрсон айхтар асуудлууд бий шүү дээ. Цаашлаад Кибер аюулгүй байдлын тухай хууль гэхчлэн яривал салбар хөгжихийн хэрээр олон хууль шаардлагатай болжээ. 2-3 шинэ хуулийг энэ жилдээ багтааж боловсруулахаар Ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орсон.

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарыг дэлхийн түвшинд хүргэхэд өргөн уудам нутаг, алслагдмал таруу суурьшил маань бэрхшээл учруулж таарна. Дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

Ц.Ж: -Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 370 шахам сумын 37 нь л шилэн кабельд холбогдоогүй байна. Шилэн кабельд холбогдсон нэг сумаас нөгөө сумын хоорондох зай нь дунджаар 100-150 км байдаг. 150 км-ээс давбал тухайн суманд дахин дамжуулах өсгөгч суурилуулах хэрэгтэй болдог. 37 сум газарзүйн байршлаасаа хамаараад холбогдох боломжгүй байгаа. Гэхдээ үүнийг VSAT буюу хиймэл дагуул ашиглан холбох замаар шийдэх боломжтой. Жишээлбэл, өнгөрсөн арванхоёрдугаар сард Архангай аймгийн Чулуут сумыг хиймэл дагуул ашиглан интернэтэд холбосон. Шилэн кабелийг нь татчихсан 120 сумын интернэтийг энэ жил шинээр нээнэ. Эдгээрээс 100 сум нь холбогдоход бэлэн болчихсон, 20 суманд кабель булах гэх мэт аар саар ажлууд үлдсэн. Зургадугаар сар гэхэд 120 сум шилэн кабельд бүрмөсөн холбогдоно.

Ийм их хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг татаад очиход хэрэглэгч нь бэлэн байх ёстой. Энэ тал дээр бэрхшээл үүсээд байна. Өөрөөр хэлбэл, иргэд смарт утас, интернэт хэрэглэж чаддаг байх ёстой. Өнөөдөр сумын холбоонд очихоор 3-4 хүүхэд компьютер тоглоод л сууж байдаг. Суманд интернэт, компьютерийг маш бага ашиглаж байгаа юм. Тиймээс 2014 онд идэвхжүүлэлтийн ажил хийхгүй бол болохгүй. Түүнчлэн дундаж түвшний болон орлого багатай иргэдэд зориулсан смарт утсуудыг үйлдвэрлэх, эсвэл импортлох асуудал тулгарч байна. Бид өөрсдөө үйлдвэрлэе, эсвэл хоёрдогч, гуравдагч орны бүтээгдэхүүнийг хямд нөхцөлөөр олгоё гэхээр дахиад бодлогын асуудал гарч ирж байгаа. Дэд бүтцийн дагуу интернэтээ үе шаттай нээгээд явна, түүнийхээ араас хэрэглэгчдээ бэлтгэх асуудал гарч ирж байна гэсэн үг. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 3G үйлчилгээний хэрэглэгч бага байгаа нь ажиглагдсан. Гар утсыг зөвхөн ярих, мессеж илгээх хэлбэрээр ашиглахаа больж, смарт гар утсыг эзэмшиж сурах нь чухал. Тэгж байж үйлчилгээ авдаг болно. Ирэх сарын дундуур бид тоон гарын үсэг тарааж эхэлнэ. Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрч, түүнийг ашиглаж интернэтийн хэрэглэгч болох ёстой шүү дээ.

-Телевизүүд энэ онд тоон системд шилжинэ гэж байгаа. Танай талаас бэлтгэл ажил хангагдсан юм байна. Гэтэл иргэдийн энэ талаарх ойлголт төдийлэн сайнгүй байна. 

Б.Б: -“Тоон телевизийн үндэсний хөтөлбөр”- ийн тухай Засгийн газрын 2011 оны 275 тоот тогтоолын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо 2011 онд дөрвөн Ажлын хэсэг байгуулж, судалгаа хийсэн. 2012 оны наймдугаар сард энэ судалгаагаа гүнгийрүүлж, маш дэлгэрэнгүй судалгаа хийснээр тоон телевизтэй холбоотой хөрөнгө оруулалтын хэмжээг тооцож гаргасан. Дахин дамжуулах сүлжээ болоод хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн тоо ширхэг гэх мэт эдийн засгийн тоо баримтуудыг маш тодорхой болгосон. Хоёрдугаарт, телевизүүд студи, дуу дүрсний хувьд ямар бэлтгэл хангах ёстой вэ, гуравдугаарт, хэрэглэгчийн тоног төхөөрөмжтэй холбоотой стандарт ямар байх вэ гэдгийг тодорхойлсон.

2013 онд дахин дамжуулах сүлжээний 100 шахам төхөөрөмж суурилууллаа. Энэ онд үлдсэн 134 суманд суурилуулах хөрөнгийг улсын төсөвт тусгаж өгсөн. Нийт 200 гаруй сум, суурин газарт төхөөрөмж суурилуулж, долдугаар сарын 30 гэхэд орон нутагт тоон системтэй телевиз гарч эхэлнэ. Одоогийн байдлаар МҮОНТ туршилтаар дамжуулж байгаа.

цааш үзэх ...

Эх сурвалж:Сайт: http://www.mongolnews.mn/

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27