Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү ээлжит 5 дугаар хуралдаанаар Тусгай зөвшөөрлийн тухай (Шинээр олгох тухай, өөрчлөлт оруулах тухай, сэргээх тухай, сунгах тухай); “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг батлах тухай; “Утасгүй холболтын технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, баримтлах зохицуулалт, техникийн шаардлага”-ыг батлах тухай; “Харилцаа холбооны богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай; бусад зэрэг нийтдээ 5 асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэв. Энэхүү хорооны хуралдаан нь хэлэлцсэн дээрх асуудлаар хорооны хуралдааны 7 тогтоолыг баталж шийдвэрийг гаргав.

Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл сунгах тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт болон 4 тогтоолын төслийг хавсралтын хамт авч хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанаас дараах 4 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 31 тоот тогтоолын хавсралтаар 14 хуулийн этгээдэд 14 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 32 тоот тогтоолын хавсралтаар 4 хуулийн этгээдийн 4 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 33 тоот тогтоолын хавсралтаар 10 хуулийн этгээдийн 10 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 34 тоот тогтоолын хавсралтаар 45 хуулийн этгээдийн 58 тусгай зөвшөөрлийг сунгасан болно.

УИХ-аар соёрхон баталсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооны зарим бүрэн эрх, чиг үүрэг шинээр нэмэгдсэн бөгөөд Зохицуулах хороо нь хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 заалтын дагуу “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг батлах, хэрэгжилтэд хяналт тавихаар болсон. Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 04 дүгээр хуралдаанаар Хорооны даргын 2020 оны А/56 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын төслийг хэлэлцүүлсэн ба тус хуралдаанаас ХЗДХЯамны холбогдох газар, хэлтэс, Оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн эксперт, судлаач багш нараар үзүүлж, санал зөвлөмжийг авч  тус тус тусгаж, журмын төслийг шинэчлэн боловсруулж, Хорооны дараагийн ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгасан юм. Ажлын хэсгээс хуралдаанаас өгсөн дээрх удирдамж, чиглэлийг хэрэгжүүлэн холбогдох өөрчлөлт, экспертын саналыг тусган “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг боловсруулж, Хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдаанд  журам батлах тухай тогтоолын төсөл, журмын төсөл, танилцуулгыг дахин хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаас журмын төслийг хэлэлцээд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх заалтыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 35 тоот тогтоол, тогтоолын хавсралтаар “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг шинээр батлав. Энэхүү журам шинээр анх удаа батлагдснаар Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 заалтыг хэрэгжүүлэх, домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлагыг тогтоож, домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Түүнчлэн домэйн нэрийг бүртгэх, сунгах, шилжүүлэх, сэргээх, түдгэлзүүлэх, цуцлах, болон домэйн нэрийн маргааныг шийдвэрлэхэд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зохицуулалтын орчинг бүрдүүлж байгаа болно. Уг тогтоол болон хавсралт журмыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлнэ.

ХХЗХ-ны 2017 оны 41 тоот тогтоолын хавсралтаар “Утасгүй холболтын технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, баримтлах зохицуулалт, техникийн шаардлага”-ыг баримт бичгийг батлан мөрдөж байгаа болно. Уг зохицуулалтын баримт бичгийг ХЗДХЯ-наас ирүүлсэн санал зөвлөмж, Захиргааны ерөнхий хууль, УИХ-аас 2019 онд баталсан Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэх, утасгүй холболтын техник, технологийн хөгжлийн чиг хандлага, стандарт норм норматив, Дэлхийн Радиогийн их хурал-2019-ын тогтоол шийдвэртэй уялдуулах зэрэг өөрчлөлтийг тусгах, хяналт талаар заалтыг шинээр нэмэх зэрэг шинэчлэх шаардлага гарсан болно. Иймээс РДХЗГ, ЗУХАГ-аас “Утасгүй холболтын технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, баримтлах зохицуулалт, техникийн шаардлага батлах тухай” танилцуулга, судалгааны материал, хавсралт баримт бичгийн шинэчилсэн төслийг боловсруулсан байна. Энэхүү асуудлыг Хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдаанаар авч хэлэлцээд, тус хуралдаанаас Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 36 тоот “Утасгүй холболтын технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, баримтлах зохицуулалт, техникийн шаардлага батлах тухай” тогтоолыг батлан шийдвэрлэв. Тогтоол батлагдснаар, Дэлхийн Радиогийн 2019 оны их хурлаас баталсан Олон Улсын Радио Давтамжийн Дүрэм болон Монгол Улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд утасгүй холболтын технологийн WLAN, Wi-Fi төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, түүнд баримтлах зохицуулалт, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн  шаардлага, стандарт ба норм норматив, хяналтын зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоосон болно. Мөн утасгүй хандалтын системийн хэрэгцээ (indoor and outdoor) нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн болон хувийн сүлжээнд хэрэглэгчийн RLAN cүлжээний хиймэл дагуулын үйлчилгээнд үзүүлж байгаа нөлөөллийг хязгаарласан зохицуулалтыг баримт бичигт тусгажээ. Уг тогтоолыг баталсантай холбоотой тус хорооны 2017 оны 41 тоот тогтоолыг хүчингүй болгов. Хорооны 2020 оны 36 дугаар тогтоолыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлнэ.

Олон улсын хэмжээнд маш бага гаралтын чадалтай радио холбооны тоног төхөөрөмжийг “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмж” гэж тодорхойлдог бөгөөд маш бага чадлын радио дохиогоор дуу, дүрс, тэмдэгт, телекомандын тоон өгөгдлийг утасгүй холболтын технологиор дамжуулдаг бага оврын төхөөрөмж юм. ХХЗХ-ны 2019 оны 14 тоот тогтоол, тогтоолын хавсралтаар “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг батлан ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд 4389 дугаарт хянуулан бүртгүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү баримт бичгийг УИХ-аас 2019 онд баталсан Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэх, харилцаа холбооны техник, технологийн хөгжлийн чиг хандлага, олон улсын шинэ стандарт, зөвлөмжтэй нийцүүлж, шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон байна. Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдаанд “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага батлах тухай” танилцуулга, тогтоолын төсөл, радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын төсөл баримт бичгийг шинэчлэн боловсруулж хэлэлцүүлсэн болно. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дах заалтыг тус тус үндэслэн “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага батлах тухай” 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 37 тоот тогтоолыг баталсан болно. Тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан энэхүү баримт бичиг нь Монгол Улсад ашиглагдах харилцаа холбооны богино зайн радио тоног төхөөрөмжүүдийн нэвтрүүлэх болон хүлээн авах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн параметрүүд болон ашиглах хүрээний хамгийн бага шаардлагыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлж шинэчлэн тодорхойлсон (Үүнд: Тоног төхөөрөмжийн радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагуудыг 14 ангиллаар тогтоож хавсралтаар баталсан. Хавсралт 1: Тодорхой бус зориулалттай өгөгдөл дамжуулах; Хавсралт 2: Нийтийн түгшүүр, дохиолол, аврах, илрүүлэх; Хавсралт 3: Өргөн зурвасын өгөгдөл дамжуулах; Хавсралт 4: Тээвэр болон замын хөдөлгөөний телематик; Хавсралт 5: Радио илрүүлэгч; Хавсралт 6: Загварын хяналт; Хавсралт 7: Индукцийн систем; Хавсралт 8: Сонсголын аппарат; Хавсралт 9: Радио давтамжаар таних систем; Хавсралт 10: Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд; Хавсралт 11: Үргэлжилсэн ажиллагааны горимтой төхөөрөмж; Хавсралт 12: Ультра өргөн зурвасын (UWB); Хавсралт 13: Юмсын интернэт болон машинаас машин холболтийн төхөөрөмж; Хавсралт 14: Радио хэмжилтийн төхөөрөмж). Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2019 оны 14 тоот тогтоолыг хүчингүй болгосон.  Хорооны 2020 оны 37 дугаар тогтоолыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлнэ.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2020-05-27

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/05/28
Мэдээ мэдээлэл
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25