Хөгжлийн төлөөх "Дижитал Монгол" Харилцаа холбооны салбарынхан дижитал хөгжлийн талаар хэлэлцлээ
ХХЗХ

Аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дижитал хэлбэрт шилжүүлсээр байна. Тэгвэл энэхүү  дижитал шилжилтийг хэрхэн амжилттай хийх гарц шийдлийг эрэлхийлсэн “Дижитал монгол” хэлэлцүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хоёр дахь жилдээ энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй "Дижитал  Монгол" олон улсын нээлттэй хэлэлцүүлэг "Мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгжье" уриан дор төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үүрэн холбооны операторууд, олон улсын байгууллага, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл зэрэг нийт 200 хүн оролцлоо.

"Дижитал Монгол" хэлэлцүүлгийг нээн ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ОУЦХБ-ын хөгжлийн товчоо, газрын дарга Земал Хусейнович,  ХХЗХ-ын дарга Г.Чинзориг нар үг хэллээ. 

"Дижитал Монгол" хэлэлцүүлэг "Дата дэд бүтэц", "Дижитал үйлчилгээний хүртээмж", "Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага", "Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил" гэсэн дөрвөн хэсэгт өрнөсөн.

Дижитал шилжилт нь зөвхөн мэдээллийн технологийн салбарын хөгжлийн асуудал бус бусад салбарыг ч үүгээр дамжуулж хөгжүүлэх гарц гэж харж байгаа. Энэ хүрээнд Монгол  Улс дата дэд бүтцийг хөгжүүлэх,  дижитал үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хэрэглэгчийн цахим боловсролыг хөгжүүлэх,  хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Нийгэм, эдийн засгийн бүх салбарт бизнесийн болон хэрэглээний шинэ чиг хандлагыг бий болгоод байгаа дижитал эдийн засаг түүний тогтвортой хөгжил, бодлого, шинэчлэл, дараагийн гарц, шийдлийн талаар тэд ийнхүү санал бодлоо нээлттэй солилцсон юм. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нээлтийн ёслолын дараа "Цахим шилжилтийн хүрээнд олон улсын ололт, туршлагаас хуваалцан түүнийг  монголын хөрсөнд буулгах асуудлыг ярилцаж хэлэлцэнэ" гэж онцолсон.      

Энэ удаагийн хэлэлцүүлгээс дэвшүүлсэн санал, шийдлийг Өгөгдөл хамгаалах тухай хууль, цахим эрх зүйн зохицуулалтад тусгах юм. Тэгвэл өмнөх удаагийн хэлэлцүүлгээс төрийн мэдээлэл солилцооны "Хур" системийг төр хувийн хэвшил хамтран нэвтрүүлжээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсийн дарга Б.Мягмарнаран  "Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлууд бол зөвхөн төрийн байгууллагуудын асуудал биш. Төр хувийн хэвшлийн түншлэл үүнтэй холбоотой хамтран ажиллах нөхцөл бололцоонууд гарсан. Үүний нэг жишээ бол "Хурдан" гээд үндэсний дата  төвөөс хэрэгжүүлж байгаа систем юм. Өнгөрсөн жил "Хур" төрийн мэдээлэл солилцооны систем нэвтэрснээр төрийн байгууллагуудын өгөгдлийг хувийн хэвшил хандаж авах, ашиглах боломж бүрдсэн нь хамгийн том давуу тал. Эхний ээлжид банкны салбарынхан "Хур" системийг нэлээд идэвхтэй ашиглаж байгаа" гэлээ.                                 

"Дата дэд бүтэц"

Дэд бүтэц гэхээр шилэн кабель ярьдаг байсан нь өдгөө өөрчлөгдсөн. Дижитал  орчин дахь дэд бүтэц бол том өгөгдөл. Тиймээс хэлэлцүүлгийн эхний сэдэв "Дата дэд бүтэц" сэдвийн дор өрнөсөн.

Энэ хүрээнд ХХМТ, Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл " Дата бол өгөгдөл суурь мэдээлэл болж байгаа. Үүнд түшиглээд хувийн хэвшил болон төрийн байгууллагуудад үйлчилгээгээ сайжруулах суурь болох анхны дэд нэгж нь дата байна гэсэн ойлголт байгаа. Дэлхийн хэмжээнд  дата маш их хэмжээгээр өсөн бий болж байгаа. Одоо бид  терабайт гэдэг хэмжээг мэддэг бол 2020 он гэхэд  зетабайт гээд их хэмжээний мэдээлэл цугларч бий болно. Энэ их мэдээлэл бий болон түүнд анализ хийн үйлчилгээ үзүүлээд явахад нөгөө талд нь хувь хүний мэдээллийн асуудал яригдана. Учир нь тэр их дата мэдээлэл дунд хувь хүний мэдээлэл их хэмжээгээр цугларч байгаа. Энэ тохиолдолд хувь хүний эрх, эрх чөлөөг яаж хангах вэ? гэдэг асуудал яригдана. Магадгүй намайг мэдээгүй байхад миний тухай мэдээллийг цахим орчинд авч цуглуулаад эргээд надад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн нөхцөл боломжийг хангаж өгөх ёстой. Энэ бол бидэнд тулгамдсан асуудал. Дэлхийн 88 орон ийм хувь хүний мэдээллийг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалттай. Манай улсын хувьд 1995 онд батлагдсан Хувь хүний нууцын  тухай хуультай. Гэтэл өнөөдөр цахим орчинд хувь хүний өөрийн мэдээлэл бол үнэт зүйл болсон учраас үүнийг хэрхэн яаж хамгаалах вэ? гэдэг асуудлыг Засгийн газрын түвшинд  боловсруулсан. Эрхийг нь хувь хүнд өөрт нь өгье. Хувь хүн өөрөө өгсөн мэдээллээ мэдэх, устгуулах эрхтэй байг. Хэрвээ хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй авсан, дамжуулсан, боловсруулсан бол тухайн байгууллагуудад өндөр хэмжээний торгууль ногдуулах тухай Зөрчлийн тухай хуульд оруулж өгье. Иймэрхүү байдлаар зохицуулалт хийхээр хууль эрх зүй боловсруулаад явж байгаа" гэв.

"Дижитал үйлчилгээний хүртээмж"

Манай дийлэнх сум, суурин газар шилэн кабельд холбогдсон. Гэсэн хэдий ч хот, хөдөөгийн хооронд хэрэглээний түвшин харьцангуй ялгаатай байгаа. Тиймээс хөдөө орон нутгийн иргэд зөвхөн гар утастай байхаас гадна цахим боловсролоо сайжруулах, мэргэжилтнүүд мэргэжлийн хүрээндээ ч интернетийг ашиглаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна.

Хүртээмжийн тухай ярихад хүмүүс амьдралдаа үүнийг хэрэглэж байгаа эсэх асуудал хөндөгдөнө. Үүнд хүмүүс зөвхөн гар утастай болоод зогсохгүй мэдээллийн технологи хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж байна? Эмч, багш, малчин, оюутан хэрэглэж байна уу? гэх мэт. Гэхдээ дижитал үйлчилгээний хүртээмж гэдэгт нэг талаасаа үүнийг хүргэж чадаж байна уу, нөгөө талаасаа авч чадаж байна уу гэдгээс хүртээмж ямар байгаа нь харагдана. Интернетийг суралцагчид, мэргэжилтнүүд мэргэжлийн хүрээнд ашиглах байдал сул байгаа гэдгийг энэ салбарынхан хэлж байна.

"Дижитал үйлчилгээний хүртээмж" хэлэлцүүлгийг удирдсан Нээлттэй мэдлэг боловсрол сангийн ТУЗ-ийн дарга Д.Энхбат " Хүртээмжийн тухай асуудал бол хүмүүс амьдралдаа үүнийг хэрэглэж байна уу гэдэг тухай яриа юм. Монгол Улс сүүлийн 20 жилд мэдээллийн технологи, холбоо харилцааны үйлчилгээг хүмүүст хүргэх тал дээр том амжилтад хүрсэн. Өнөөдөр хүмүүс зөвхөн гар утастай болоод зогсохгүй зарим нь хоёр, гурван гар утас хэрэглэж байна. Одоо Монгол Улс дараагийн үедээ шилжиж байгаа. Энэ бол зөвхөн харилцааны үйлчилгээг хүнд хүргэхээс гадна тэр хүмүүсийн амьдрал, эрхэлж байгаа ажил, боловсрол, үйл ажиллагаа өдөр тутамд нь ялангуяа бизнесийнхэнд болон  худалдаа наймаанд гээд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт мэдээллийн технологи хэрхэн хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаа тухай асуудал юм.

Сум суурин газар амьдарч байгаа иргэд гар утастай байгаа ч интернет хэрэглэхэд үнэ өртгийн асуудлыг хөнддөг. Баялаг бүтээх, орлого олохдоо зөв ашиглахгүй байгаа учраас нэмэлт зардал мэт болж байна. Тиймээс хэрэглээний түвшинг сайжруулах хэрэгтэй нь харагдаж байна.

Хүртээмж бол өнөөдөр нэг талаасаа энэ үйлчилгээг өгч чадаж байна уу, нөгөө талаас авч, шингээж чадаж байна уу гэдэг зүйл юм. Энэ хоёрын хос нийлбэр дээр хүртээмжийн тухай яриа хөндөгдөнө. Өнөөдөр маш олон салбарт орчин үеийн мэдээллийн технологийг авч чадахгүй байгаа. Жишээ нь, интернетийг оюутнууд сургуулийн гадна идэвхтэй хэрэглэгдэг, гэвч  хичээл дээрээ, мэдлэг олох тал дээр ашиглахгүй байна. Эмч нар магадгүй гэртээ интернетийг мөн л идэвхтэй ашигладаг байх. Гэвч ажлын байранд өвчтөний онош, түүхийг эмч нар хоорондоо дамжуулах, харилцан мэдлэг солилцох, харилцах тал дээр сул байгаа юм. Тиймээс өнөөдөр Монголчуудын хувьд зөвхөн үүрэн холбоогоор биш интернэт, цахим орчин гэх энэ зүйлийг яаж өөр өөрийнхөө ажлын талбар, амьдралд хэрэглэх, оролцуулах юм бэ гэдэг асуудал гарч ирж байна.

Нийслэлчүүдийн хувьд л гэхэд нэг хотхоны оршин суугч эцэг эхчүүд дотроо фейсбүүк групп үүсгэн нэгдэж хүүхдүүдээ сургуульд ээлжлэн хүргэж өгч, авч байна. Ийнхүү цахим хэрэглээг амьдралын олон чиглэлд зөв оновчтой ашиглавал орлого, зарлага, хэрэглээ гээд бүх л зүйлд ихээхэн хэрэгцээтэй харагдаж байгаа юм. Хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд зөвхөн май гээд утас өгөлгүй хэрхэн хэрэглэхийг заах цаг болсон. Энэ хурлаар мэдээллийн технологийн хэрэглээг хөдөө орон нутгийнханд хэн сургах, хэн санхүүжүүлэх нь тодорхой болох ёстой. Төрийн албан хаагчдыг компьютерийн сертификатгүй бол ажилд авахгүй болж байгаа" хэмээн онцолсон.

Хэлэлцүүлгийн хүрээнд дижитал шилжилтийн хувьд дөрвөн гол түлхүүрийн талаар ярилцсан юм. Үүнд нэгд мэдэх, хоёрт ойлгох, гуравдугаарт үнэ цэнэ, дөрөвдүгээрт дижижал үйлчилгээг яаж хэрэглэх тухай чадвар эзэмших гэсэн үндсэн ойлголтууд багтана. Эдгээр дөрвөн гол түлхүүр ойлголтын хувьд монголчуудын хувьд хамгийн чухал нь юу байх талаар Дэлхийн банкны зөвлөх Себастиан Фүүгээс тодруулахад "Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бусад улс орон дижитал шилжилт хийж байхад хамгийн чухал, хэцүүд тооцогдож байгаа гол түлхүүр ойлголт бол тухайн хэрэглэгчдэд үнэ цэнийг ойлгуулах явдал байгаа. Дижитал үйлчилгээний хамгийн гол үнэ цэнэ юу вэ гэдгийг ойлгуулсны  дараа бусад алхмууд өөрөө хийгдэх юм. Дижитал үйлчилгээ өөрсдийнх нь амьдралд нэвтэрснээр ямар үнэ цэнэтэй гэдгийг ойлгосноор оролцогчид буюу ард түмэн хүссэн хүсээгүй түүнийг хэрэглээд эхэлдэг" хэмээн хариулсан.  

"Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага"

Одоогоор дижитал шилжилтийн гол өгөөж нь санхүүгийн салбарт финтек  үйлчилгээ, цахим төлбөрийн систем хэлбэрээр амжилттай өрнөж байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн товчооны газрын дарга  Кемал Хусейнович "Апп эдийн засаг, е-аппликейшн эрүүл мэнд, зам тээвэр, боловсролын салбарт төдийгүй аюул осол, гамшгаас хамгаалахад үр дүнгээ өгч эхлээд байна. Манай байгууллага гишүүн орныхоо гарааны бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийг төрийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг дээр бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Учир нь инновацийн бүтээлүүд апп эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй" гэлээ.   

Апп эдийн засаг-санхүүгийн салбар, туршлагын талаар хэлэлцсэн хуралдааны удирдагчаар ажилласан эдийн засагч Д.Жаргалсайхан "Бид далайд гарцгүй болохоос дэлхийд интернетэд гарцтай. Чухам бид ямар далайн өмнө байгаагаа сайн ойлгохгүй нуур гэж хараад байна. Бидний хийж байгаа олон ажил хил хязгааргүй. Жишээ татахад, өнөөдөр Эстонид хүмүүс гар утсаараа сонгууль өгч байна. Тэд манайх шиг сонгуульдаа их мөнгө зарцуулдаггүй. Тухайн иргэний гар утасын дугаар ID нь болдог" хэмээн онцолсон.

Түүнчлэн апп эдийн засаг буюу санхүүгийн салбарт хэрэгжүүлж байгаа туршлагаасаа АНД Глобал компанийн /ЛэндМН төсөл/ үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхан "Бид ямар нэгэн технологийг нэвтрүүлэхдээ эхлээд тухайн салбарт байгаа асуудлыг тодорхойлох ёстой. Технологи бол дангаараа бизнес биш. Технологи ямар нэгэн эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн салбарт давуу талыг нь ашиглан тэнд байгаа асуудлыг нь байхгүй болгосон цагт бизнес болно. Бидний санхүүгийн салбарт шийдэж байгаа асуудал бол хүмүүс олон давталттай шимтгэл төлдөг, баахан карт худалдан авч жилийн төлбөр төлдөг болон олон алхамтай хэцүү, шат дараалалтай, олон пин код шаарддаг тэр л зүйлсийг амархан, хялбар, эвтэйхэн болгосон. Бид апп эдийн засаг, санхүүгийн салбарт технологийн тусламжтайгаар эдийн засгийн эргэлтийг томсгож, компаниудын борлуулалт, ашиг, хэрэглээг цааш нь тэлж байж цаашид макро түвшинд хэрэг болно" гэв.

Тэгвэл зургаан жилийн өмнөөс үйлчилгээнд нэвтэрсэн Mostmoney гар утасны аппликейшнд одоогоор арилжааны 5 банк, 10 гаруй ББСБ холбогдоод байна. Тус үйлчилгээний хэтийн зорилго нь мостмани аппликэшнтэй байхад аль банкны хэрэглэгч, хаанаас юу авах, ямар төлбөр төлөх нь хамааралгүйгээр бүх төрлийн төлбөр тооцоог хийдэг, үндэсний хэмжээний цахим төлбөр тооцооны экосистем байгуулах юм. Үүний тулд арилжааны бүх банк, үнэт цаасны компани, ББСБ-ыг нэгтгэх хэрэгтэй.

“Грейпсити” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Сүхдорж "Богино хугацаанд манай Монгол Улс төлбөр тооцоо, банкны салбарын электронжуулалт цоо шинэ үерүү цөмөрч орох босгон дээр нь байна. Ард түмэн хэдийнээ үүний үр шимийг хүртээд эхэлсэн. Монголчууд "High Tech" дээр гаднынхны царай харахгүйгээр өөрсдөө бүгдийг сайн хийж чадаж байгаа. Харин одоо бид өөрсдөө экспорт хийх тухай л ярьж байгаа. Энэ салбарт гаднаас оруулж ирэх биднээс илүү технологи олон байхгүй. Харин манай үндэсний хэмжээний төлбөр тооцооны сүлжээ холбогдохгүй байгаа банкнуудыг холбох асуудлыг Төлбөр тооцооны үндэсний зөвлөл шийдэх нь их чухал байна. Зарим банк Mostmoney ашигламааргүй байна гэсэн учраас бид нээлттэй порт өгч, түүнд өөрийнхөө апп-ыг залган Mostmoney-гоос дутахгүй апп бүтээх бүх боломжийг хийгээд явж байна. Царай нь өөр гэхдээ нэг эко  систем ашиглая. Тэр эко системийг бид хийсэн. Заавал Mostmoney байх албагүй дурын апп залгаж болно. Өнөөдөр гар утсаараа төлбөр хийдэггүй хүн байхгүй шахуу болсон. Бид үүн рүү алхсан" гэлээ.

Мөн тэрээр ирэх арван хоёрдугаар сард шинэ хувилбараа зарлах гэж байгаагаа дуулгасан. Ингэснээр зөвхөн Lendmn биш дурын апп зээл олгодог болох аж.

"Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил"

Дижитал орчинд хэрэглэгчид хэрхэн хөгжиж байгааг салбартаа тэргүүлэгчид жишээ татан ярилцлаа. Жишээ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор хийгдэж байгаа ажлуудын талаар Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг "Өнгөрсөн жил жолоочийн татвар төлөх үйлчилгээг цахим руу шилжүүлсэн. Ингэхэд 400 мянган гаруй жолооч татвар төлснөөс 6 хувь нь л цахимаар төлсөн байсан. Бусад нь уламжлалт аргаараа нөгөөх л 3-4 цаг дугаарлан 2-3 байгууллага дамжин явсан. Үүнийг судлаад үзэхэд төлбөрийн асуудал байсан бөгөөд бид хэрэглэгчдээ тооцоогүй байсан нь харагдсан. Учир нь одоогийн хууль журмаар иргэд бэрхшээлтэй замыг туулж цахим төлбөр хийдэг гээд техникийн асуудлууд төвөгтэй байсан. Төр өөрөө өөрчлөгдөх ёстой. Хоёр дахь жишээ нь цэцэрлэгийн цахим бүртгэл байна. 2017 онд 2 настай 22 мянган хүүхэд бүртгүүлсэн бол 2018 онд 100 мянган хүүхэд цахимаар бүртгүүлэн эцэг эхчүүд нь уламжлалт аргаар яваагүй. Үүнд ямар нэгэн төлбөр, өөр дарамт байгаагүй болохоор тэд хандсан. Бид төрийн үйлчилгээний хувьд бололцоо байна гэж харж байгаа. Нөгөө талаас төрийн албан хаагч буюу төр захиргааны байгууллагууд асуудалтай байна. Бид дижитал  шилжилтийг хийхийн тулд хуулийн зохицуулалт, сэтгэлгээний шинэчлэлт шаардлагатай байна" гэсэн юм.

Шинэ эриний хүүхэд залуусын 60 гаруй хувь нь бараа бүтээгдэхүүн худалдан авах шийдвэр гаргахдаа интернет орчинд заавал судалгаа хийдэг болсныг үндэсний медиа хэрэглээний суурь судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, "Эм Эм Си Жи" ХХК гүйцэтгэх захирал Л.Бум-Эрдэнэ "2014 оноос бид медиа, интернет, дижитал хэрэглээг үндэсний хэмжээнд 21 аймаг, Улаанбаатар хотыг хамруулан суурь судалгаа хийж эхэлсэн. Ингэхэд интернет, сошиал медиа хэрэглээ жил бүр 20, 20 хувиар огцом өссөн. Харин 2017 оноос 3-4 хувийн л өсөлт хийсэн нь хэрэглээний хурд саарч байгааг харуулж байна. Интернет, сошиал медиа хэрэглээ 15-65 насны идэвхтэй хүн амын 80 хувь дээр ирээд зогсож байна. Энэ нь тэлж болох хүрээндээ тулсан. Ухаалаг гар утасны хэрэглээ 80 хувьд хүрсэн. Учир нь интернетийг 96 хувь нь гар утсаараа дамжуулж авч байна гэсэн судалгаа байгаа. Эндээс харахад гар утас нь медиа, төлбөр тооцооны суурь болж байгаа гэсэн үг юм.

15-65 насны хүмүүсийн 80 хувь нь сошиал медиа буюу фейсбүүк хэрэглэж байна. 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг сошиалд зарцуулж байгаа нь тэдний амьдралын 50 хувь сошиалд өрнөж байгаа гэсэн үг. Аливаа зүйлийг бид сошиал дээр хянаж, харж, зохицуулж чадах юм бол нийт залуучуудын 50 хувийн асуудлыг зохицуулах боломжтой. Энд яагаад зохицуулалт хэрэг болоод байна гэхээр яг энэ бүлгийнхний сошиалаас болж цахим дарамтад өртөх, амиа хорлох асуудал өндөр байгаа. Тиймээс залуусыг цахим боловсрол эзэмшүүлэх ажилд илүү тулж ажиллах хэрэгтэй.

Түүнчлэн хэрэглэгчийн асуудал ярьж байгаа учраас үүнд тухайн мэдээллийн үнэн зөв байгаа эсэх, эх сурвалж үнэн бодитой эсэх гээд маш сайн бодох ёстой. Фейсбүүк өөрөө “Гүүгл” болоод байгаа. Иргэд аливаа бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа фейсбүүк дээр хайлт хийдэг. 

Дижитал шилжилт бараа, бүтээгдэхүүн худалдан авалтын процессыг өөрчилж байгаа. Тухайлбал, зурагтын рекламаар харсан бүтээгдэхүүнээ сошиал дээрээс хайн ямар сайн, муу сэтгэгдэл байгааг уншдаг. Залуусын 60 хувь нь ийм бараа авах гэсэн юм хэр байна гээд шууд асуудаг болсон. Тэр асуултад хариулж байгаа мэдээлэл тухайн компанийн албан ёсны сайтаас өгч байгаа мэдээллээс хүчтэй нөлөөлдөг. Энэ нь хэрэглэгчид дижитал шилжилтээ хийсэн. Харин энэ хурдтай хөгжиж байгаа өөрчлөлтүүдийг компаниуд дагаж үйл ажиллагаа, борлуулалтаа өөрчилж чадаж байна уу гэдэг нь чухал асуудал болоод байгаа"  гэв.

Түүнчлэн тухайн компанийн сонголт бус хэрэглэгчдэдээ бараа, бүтээгдэхүүнээ  хүргэхийн тулд онлайнаар тооцоо хийх, асууж лавлах зүйлээ чатбот, автомэйшн ашигласнаар  байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулна.  Дижитал шилжилтээс хоцрох нь бизнесийн хувьд эрсдэл болно гэдгийг салбарынхан онцолж байлаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгээс дэвшүүлсэн санал, санаачилгуудаар зөвлөмж гарахаар болсон. Ингэхдээ зөвхөн нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдоос гадна иргэн таныг цахим шилжилтэд тусгах байр суурийг зохион байгуулагчид сонсоход бэлэн байгааг дуулгасан юм.

Тиймээс "Дижитал Монгол 2018" нээлттэй хэлэлцүүлгийн зөвлөмжид өгөх санал, хүсэлтээ та бүхэн 2018 оны арван хоёрдугаар сарын 6-ыг хүртэл  info@crc.gov.mn хаягаар илгээгээрэй. 

Мөн хэлэлцүүлгээс гарсан санал, шийдлүүдийг Өгөгдөл хамгаалах тухай хууль, цахим эрх зүйн зохицуулалтад тусгах юм байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/12/05
Мэдээ мэдээлэл
2018 оны 3 дугаар улирал
2018 оны 3 дугаар улирал
12.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна
12.05
Хөгжлийн төлөөх "Дижитал Монгол" Харилцаа холбооны салбарынхан дижитал хөгжлийн талаар хэлэлцлээ
Аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дижитал хэлбэрт шилжүүлсээр байна.
12.04
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 10 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 10 дугаар сарын дүн мэдээ
11.29
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Төр хурах СӨХ/
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Төр хурах СӨХ/
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК ирүүлсэн 06/618/
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК ирүүлсэн 06/618/
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
11.20
Гадаад сувгийн мэдээлэл
Гадаад сувгийн мэдээлэл
11.20