|
| Тусгай зөвшөөрөл авах |
|
|
|
| Бичсэн Administrator |
| 2010 оны 4-р сарын 14, Лхагва гариг, 04:30 |
|
Тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхийн бичгийн талаарХХЗХ нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2-д заасны дагуу харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Тусгай зөвшөөрлийг хоёр ангиллаар, зарим төрлийн үйлчилгээнд бүртгэлийн гэрчилгээ олгодог. Үүнд: - A ангиллын тусгай зөвшөөрөл: харилцаа холбооны сүлжээ байгуулах; - B ангиллын тусгай зөвшөөрөл: харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх; - Бүртгэлийн гэрчилгээ: мэдээлэл, харилцаа холбооны үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, програм хангамж болон бусад үйлчилгээ эрхлэх. Харилцаа холбооны сүлжээ байгуулах болон үйлчилгээ эрхлэхэд хэрвээ радио давтамж ашиглах бол Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг нэмж авна. Харилцаа холбооны тухай хуулийн дагуу тусгай хэрэглээний холбооны сүлжээ байгуулах болон дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй ба харин тэдгээрийг цахилгаан холбооны сүлжээнд холбож үйлчилгээ явуулах бол “харилцаа холбооны үйлчилгээг дамжуулан хүргэх” ангиллаар тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Мөн дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулахад радио давтамж ашиглах бол радио давтамж ашиглах эрхийн бичиг авна. Тусгай зөвшөөрлийг ХХЗХ-ны хуралдаанаар харин бүртгэлийн гэрчилгээ болон эрхийн бичгийг ХХЗХ-ны даргын тушаалаар олгоно.
Тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхийн бичиг авах болХэрвээ та тусгай зөвшөөрөл /эсвэл бүртгэлийн гэрчилгээ эсвэл радио давтамж ашиглах эрхийн бичиг/ авахаар ХХЗХ-нд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу. Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах Тусгай зөвшөөрлийн ангиллыг тогтоох Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх ХХЗХ-нд хүсэлт гаргах Гэрээ байгуулах, төлбөр төлөх Гэрээ, нөхцөл шаардлагыг ханган ажиллах Тусгай зөвшөөрлийн талаарх хууль журмууд 1. Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлахТа харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн талаарх хууль, журмыг энэ хуудсын хамгийн дор зааж өгсөн байгаа. 2. Тусгай зөвшөөрлийн ангиллыг тогтоохТаны үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа чиглэлд ямар тусгай зөвшөөрөл шаардлагатай болохыг тогтоохын тулд та “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал” –г үзнэ үү. Хэрвээ энэхүү ангилалд таны эрхлэх үйл ажиллагааны чиглэл тодорхой тусгагдаагүй бол та ХХЗХ-ны тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан холбогдох мэргэжилтэнтэй (304258) холбогдож зөвлөгөө авна уу. 3. Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх“Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох, биелэлтэнд нь хяналт тавих журам”, “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, сунгах, хүчингүй болгох, биелэлтэнд нь хяналт тавих журам “-ын дагуу өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Өргөдлийн маягтыг бөглөхдөө зорилго, хамрах хүрээ, ашиглах техник, технологи зэргийг дэлгэрэнгүй, ойлгомжтой, шударгаар бичвэл мэргэжилтнүүд дүгнэлт гаргахад хялбар болох ба таны тусгай зөвшөөрлийг түргэн шуурхай шийдвэрлэхэд туслах болно. Энэ талаар бүрдүүлэх баримт бичиг хэсэгт ангилал, чиглэл бүрээр зөвлөмж өгсөн байгааг үзнэ үү. Та тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлэхдээ холбогдох албаны мэргэжилтэнүүдээс зөвлөгөө авч болно. Үүнд: - Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний чиглэлээр /яриа, интернэт, телевиз, КаТВ, ФМ радио, тусгай дугаар, кабель шугам угсралт, интернэт кафе байгуулах г.м/ тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ авах бол Зохицуулалтын алба - Шуудангийн үйлчилгээ эрхлэх бол Шуудангийн алба - Радио давтамж ашиглах бол Радио давтамж, хяналт зохицуулалтын алба 4. ХХЗХ-нд хүсэлт гаргахБүрдүүлсэн материалаа албан бичгийн хамт /хувь хүн бол өргөдөл/ ХХЗХ-нд ирүүлнэ. ХХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх дараалал
Хороо нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд хариу тайлбарыг бичгээр өгнө. Тухайн сүлжээ, үйлчилгээнд радио давтамж ашиглах бол сүлжээ, үйлчилгээний тусгай зөвшөөрөл нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хамтаар шийдвэрлэгдэнэ. 5. Гэрээ байгуулах, төлбөр төлөхТа тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр хүлээн авсан бол ХХЗХ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, тусгай зөвшөөрлийн гэрээний төсөл, зохицуулалтын үйлчилгээний хөлсний төлбөрийн нэхэмжлэл, радио давтамж ашиглах бол радио давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг холбогдох мэргэжилтэнээс авна. Тусгай зөвшөөрөл авч байгаа тохиолдолд “тэмдэгтийн хураамж” болох 12500 төгрөгийг Татварын албаны дансанд тушаана. Та гэрээний төсөлтэй танилцаад өөрийн саналыг гаргах эрхтэй байна. Тусгай зөвшөөрлийн гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсанаар танд тусгай зөвшөөрөл олгогдох болно. 6. Гэрээ, нөхцөл шаардлагыг ханган ажиллах
Та гэрээний хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах, ХХЗХ-ны шийдвэр, журмуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй. Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 , Радио долгионы тухай хуулийн 18.1-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэхгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. 7. Тусгай зөвшөөрлийн талаарх хууль журмууд- Харилцаа холбооны тухай хууль, - Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль - Харилцаа холбооны сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал - Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ - Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагууд
|
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 14, Лхагва гариг, 04:44 |






![]() | Өнөөдөр | 203 |
![]() | Өчигдөр | 7917 |
![]() | Энэ 7 хоногт | 8120 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 60244 |
![]() | Энэ сард | 36339 |
![]() | Өнгөрсөн сард | 260751 |
![]() | Бүгд | 358258 |