|
Дэлхий дахинд мэдээлэл, холбооны технологи асар хурдтай хөгжиж, шинэ технологи, үйлчилгээ нь өргөн зурвасын сүлжээ ба интернэтэд суурилж байна. Өргөн зурвасын сүлжээг шилэн кабель, утасгүй холбоо, хиймэл дагуул зэрэг холбооны бүхий л дэд бүтцийг ашиглан байгуулж, харин интернэт нь бүх төрлийн үйлчилгээний нэгдмэл суурь болж байгаа нь тус тусдаа салбарлан хөгжиж байсан цахилгаан холбоо, шуудан, интернет, өргөн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн салбарын зааг ялгааг арилгаж, зах зээлийн хувьд ч бизнесийн шинэ шинэ боломж нээсээр байна. Энэ үйл явц зөвхөн салбарын удирдлага төдийгүй, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн менежментийн түвшинд ч технологийн хөгжилд нийцэн зохицох алхамуудыг, алсыг харсан шинэчлэлийг шаардаж байна. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дэмжсэн, бүх талуудын ашиг сонирхолд нийцсэн бизнесийн орчныг бий болгох нь нэгдэн нийлж байгаа (convergence) зах зээлийн хөгжлийг хурдасгахад чухал нөлөөтэй юм. Ийм орчныг бий болгоход зохицуулалтыг боловсронгуй болгох, үр ашигтай болгох нь анхдагч алхам юм гэж үзэж “Харилцаа холбооны зохицуулалт 2010” форумд оролцсон мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид бид дараах зөвлөмжийг санал болгож байна.
I. Үр ашигтай зохицуулалтыг бий болгоход ХХЗХ-ны үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой асуудлаар
- Үйлчилгээ эрхлэгчдэд ижил тэгш үйлчлэн, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
- Харилцаа холбооны зохицуулах хорооны хүний нөөц, эрхзүйн чадамжийг бэхжүүлэн, зохицуулалтын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, хяналт, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргах
- Аливаа зохицуулалтын шийдвэр гаргахад зах зээлийн бүхий л оролцогчдыг татан оролцуулах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, гарсан санал зөвлөмжийг тусгаж ажиллах, хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэх
- Салбарын зохицуулалтын үр дүн, жилийн тайланг жил бүр үйлчлэгчдэд тайлагнаж, дүгнүүлэх
- Зохицуулалт зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаар үнэлгээ хийж, нийтэд ил тод хүртээмжтэйгээр мэдээлэх, хөгжлийн бодлого, стратегид тусгуулах
- Улс төр, үйлчилгээ эрхлэгчдээс хараат бус ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх
II. Интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх асуудлаар
Бодлогын хүрээнд:
- Төрийн болон бизнесийн байгууллагууд, иргэдийн дунд интернет, интернетэд суурилсан үйлчилгээг бий болгож, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээнд зарцуулах төсвийг нэмэгдүүлэх талаар Засгийн Газарт санал тавих
- Салбар хоорондын уялдааг сайжруулах, бусад салбарын бодлогод саналаа тусгах чиглэлээр УИХ, Засгийн Газрын түвшинд хамтран ажиллах
- Өргөн зурвасын үйлчилгээг хөгжүүлэх зорилтот стратеги, бодлогыг боловсруулж, энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, тусгай болон дотоод хэрэглээний сүлжээг үндсэн зорилго, чиглэлээр нь ажиллуулж, давхардсан сүлжээ байгуулдаг явдлыг зогсоох зэрэг арга замыг ашиглах
- БНҮҮС-гийн бодлогыг тодорхой болгох, уг төслөөр хэрэгжиж буй үйлчилгээнүүдийн чанарын үзүүлэлтүүдийг тогтоох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих
- Хөдөө орон нутагт интернэтийн үйлчилгээг хүргэх бодлого боловсруулах, дамжуулах сүлжээний алдагдлыг БНҮҮС-гаас нөхөх
- БНҮҮС-д хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах эрхийг ХХЗХ-д шилжүүлэх
- Сүлжээ, үйлчилгээгээр салгах бодлогын хэрэгжилтийг хангах
- Салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор төрийн мэдлийн сүлжээнд олгогдсон зээл болон хүүгийн өрийг чөлөөлүүлөх асуудлаар санал боловсруулж, Засгийн Газарт тавьж, шийдвэрлүүлэх
Зохицуулалтын хүрээнд:
- Монгол Улсын хэмжээнд зах зээлийн нарийн судалгааг хийж, хөрөнгө оруулалтыг хамгаалах үүднээс интернэт, VoIP болон интернэтэд суурилсан бусад үйлчилгээнд олгох тусгай зөвшөөрлийн тоонд хязгаар тогтоох
- МIX-ийг Төр Хувийн Хэвшлийн Түншлэл (ТХХТ)-ийн зарчмаар төрийн оролцоотойгоор шийдвэрлэх /МХС ХХК-д хөрөнгийг нь хариуцуулах, ашиглалт үйлчилгээг үйлчилгээ эрхлэгчид хариуцах/
- Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ, үйлчилгээний чанарт байнгын хяналт тавьж, чанарын үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоох, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах
- Салбарын нэгдсэн судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх бүтцийг Зохицуулах хорооны дэргэд бий болгож, салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийг татан оролцуулах
- Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчдэд сүлжээний урсгал, зурвасын оновчтой менежменттэй байх, нөөц сүлжээний бүтцийг бүрдүүлсэн байх, үйлчилгээний чанарын шаардлагыг хангаж ажиллах, хяналт тавих механизмыг бий болгох
- Салбарын хэмжээнд мөрдөх стандартыг шинэчлэн тогтоож, мөрдөлтийг хангуулах талаар тодорхой ажлыг зохион байгуулах /Метро интернэтийн үйлчилгээний дэд бүтэц дээрхи эмзэг цэгүүдийг тодорхойлж, тэдгээрт тавигдах техникийн үзүүлэлтүүдийг нарийвчилан тогтоох/
- Улаанбаатар хотын захын хороололд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц байгуулахыг дэмжиж, тусгай зөвшөөрлийн гэрээгээр үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгох
- Оюуны өмчийг хамгаалах, контентийн үйлчилгээг хөгжүүлэх зөв менежментийн систем бүрдүүлэхийг бүх талаар дэмжих, контентийн асуудал хариуцсан бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхдийг хүчирхийлэл, залилан мэхлэх үйл ажиллагаанаас хамгаалах зэрэг зохицуулалт хангалттай байгаа эсэхэд хяналт тавьж байх
- Ойрын үед xDSL үйлчилгээний зохицуулалтыг хийх, үндсэн сүлжээний нээлттэй байдлыг хангах, үнэ тарифийг хянах
III. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх асуудлаар
Бодлогын хүрээнд:
- Өргөн нэвтрүүлгийн бодлогыг тодорхойлох, улмаар өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл боловсруулах талаар Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах
- Радио, телевизийн салбарын хүнийн нөөцийн чадавхийг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох байгууллага, мэргэжлийн их, дээд сургуулиудтай хамтарч ажиллах
Зохицуулалтын хүрээнд:
1. Өргөн нэвтрүүлгийн хууль гарах хүртэл ХХЗХ өөрийн эрх мэдлийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаар журам гаргаж, зохицуулах 2. Өргөн нэвтрүүлийн зохицуулалтын журамд дараах үндсэн асуудлыг тодорхойлж, олон нийт, үйлчилгээ эрхлэгчдэд хэлэлцүүлж, батлах
- 2.1 Телевиз, радио, суваг дамжуулагчийн төрөл, тодорхойлолтыг гаргах
- 2.2 Чанар, стандартын шаардлагууд тавих
- 2.3 Хувь эзэмшигчийн ил тод байдал /Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй уялдуулах/
- 2.4 Контентийн хязгаарлалтыг Монгол Улсын хуулинд нийцүүлэн тогтоох
- 2.5 Рекламны зохистой хугацааг заах
- 2.6 Хяналт, хариуцлагын тогтолцоог тодорхойлох
3. Орон нутгийн радио, телевизийн онцлогт тохирсон зохицуулалтын арга хэлбэрийг судлаж, тодорхойлох 4. Арилжааны бус, олон нийтийн өмнө үүрэг хүлээсэн Боловсролын болон Олон нийтийн зэрэг радио, телевизүүдийн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналтыг сайжруулах 5. Стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинэчлэн тогтоох 6. Тодорхой хугацаанд тогтмол хяналт, мониторинг хийж, үр дүнг мэдээлэх, хариуцлага тооцох механизмийг бий болгох 7. Үйлчилгээ эрхлэгчдийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үзүүлэлт, аргачлалаар үнэлж, дүгнэдэг, ил тод мэдээлдэг болох 8. Шинээр радио, телевизийн тусгай зөвшөөрлийг олгохдоо зөвхөн техникийн боломжид бус зах зээлийн багтаамж, эрэлт хэрэгцээ, судалгаа, хөрөнгө оруулалтын үр ашигт үндэслэн олгодог болох зарчимд шилжих, энэхүү зарчмыг тоон телевизийн системд шилжих үед ч баримталдаг байх 9. КаТВ-ийн сувгаар хөтөлбөрөө дамжуулж байгаа дотоодын сувгуудын асуудлыг хэлэлцэж, зохицуулах 10. Радио давтамжийн хяналт, нөлөөллийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах (Ялангуяа Улаанбаатар хотын ФМ радиогийн ашиглалт) 11. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, олонд таниулах талаар дэмжлэг үзүүлэх (төрөлжсөн экспо зохион байгуулах г.м) 12. Оюуны өмчийг хамгаалах, контентийн үйлчилгээг хөгжүүлэх зөв менежментийн систем бүрдүүлэхийг бүх талаар дэмжих, зохиогчийн эрхийн асуудал хариуцсан бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхдийг хүчирхийлэл, залилан мэхлэх үйл ажиллагаанаас хамгаалах зэрэг зохицуулалт хангалттай байгаа эсэхэд хяналт тавьж байх 13. Зохиогчийн эрхийн асуудлаар Оюуны өмчийн газар, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах 14. Телевизүүд, телевизийн суваг дамжуулагчидтай харилцан холбогдох зааглах цэгийг боловсронгуй хэлбэрээр байгуулахад Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг тодорхойлох
Өөрийн зохицуулалтын хүрээнд:
- Ёс зүйтэй ажиллахад анхаарлаа хандуулж, өөрийн зохицуулалтын ёс зүйн тогтолцоог бий болгоход бүх үйлчлэгчид идэвхи санаачлагатай оролцох (Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй уялдуулан авч үзэх)
Үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд:
- Маркетингийн үйл ажиллагаагаа сайжруулах, контентийн үйлдвэрлэлийг чанаржуулах замаар бизнесийн орчноо сайжруулахад санаачлагатай ажиллах
- Холбоо мэдээллийн салбартай нэгдэн нийлэх, шинэ тоон технологийг нэвтрүүлэхэд бизнесийн шинэ боломжийг судлах, хөгжүүлэх
- Зохиогчийн эрхийн тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудыг дагаж мөрдөх талаар санаачлагатай, хариуцлагатай ажиллах
IV. Шуудангийн салбарын болон хөдөө орон нутгийн шуудангийн хөгжлийн асуудлаар
Бодлогын хүрээнд:
- Үндсэн сүлжээ эзэмшигч түүний хувьчлалын талаархи болон шуудангийн зах зээлд төрийн болон хувийн хэвшлэлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогыг тодорхойлох
- Шуудангийн маркийн үйлдвэрлэл болон тодорхойлолтын асуудал нь холбогдох хуулиудын заалтуудаар зөрчилдөөнтэй байгааг цэгцлэх
- Шуудангийн боловсон хүчний бодлого алдагдаж байгааг анхаарч хөдөө орон нутаг руу ажиллах хүчнийг чиглүүлэх бодлого боловсруулах
- Зах зээл, шинэ технологид суурилсан шуудангийн үйлчилгээтэй холбоотойгоор хуулинд холбогдох өөрчлөлтийг оруулах санал гаргах (БНҮҮ, давуу эрхийн бүс, электрон шуудан“Е” марк г.м )
- Шуудангийн хүргэлтийг бүсчилсэн системд шилжүүлж, бүсийн хүргэлтийн төвийг бий болгох бодлого боловсруулах
Зохицуулалтын хүрээнд:
- Үндсэн сүлжээний өрсөлдөөн, сүлжээ хоорондын интегральчлах асуудлын зохицуулалтын орчинг бүрдүүлэх, БНҮҮСангийн хөрөнгийг дан ганц үндсэн сүлжээ эзэмшигчид бус хувийн компанид хөрөнгө оруулалт хийх асуудлыг зохицуулах
- Шуудангийн салбарт мөрдөгдөж байгаа стандартуудыг нэгтгэж, боловсронгуй болгох шинэ технологид суурилсан стандартуудыг бий болгох
- Үнэ тарифыг уян хатан болгож хэрэглэгчдийн хэрэглээнээс хамаарсан сонголттой тарифыг бий болгоход анхаарах, харилцан холболтын тарифыг харилцан ашигтай болгох
- Тээврийн зохицуулалтыг хийхэд тээврийн болон бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх
- Виртуаль шуудангийн хайрцгийг ижил тэгш нөхцлөөр ашиглах нөхцлийг бүрдүүлэх зохицуулалтыг хийх, илгээмж дээрхи кодыг унших төхөөрөмжид бүх оператор холбогдох боломжийг бүрдүүлэх
Үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд:
- Шуудангийн илгээмжийн аюулгүй байдлыг хангахад үйлчилгээ эрхлэгчид онцгой анхаарах
- Шуудангийн түгээмэл мэргэжлийн ажилчдыг давтан сургахад МШ ТӨХК, Мэдээлэл Холбооны Технологийн Сургуультай хамтран ажиллах
- Стандартын шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах
|